Амьдралдаа анх удаа сугалааны тасалбар худалдаж авсан 18 настай бүсгүй 48 сая канад доллар ($35 сая) хожсон нь түүхэнд бичигдэх үйл явдал болсныг Канадын хэвлэлүүд мэдээлжээ.

Баасан гарагт OLGC (Ontario Lottery and Gaming Corporation) байгууллага Онтарио мужийн 18 настай оршин суугч Жулиет Ламур хэдэн арван саяар хэмжигдэх мөнгө хожсон Канадын хамгийн залуу тоглогч болсныг зарласан байна.

Ламур 18 насныхаа төрсөн өдөр өвөөгийнхөө зөвлөснөөр сугалааны нэг тасалбар худалдан авч байжээ. Энэ нь түүний амьдралдаа авсан анхны сугалааны тасалбар байв.

“18 насанд хүрсэн өдөр өвөө маань азаа үзэж, сугалаанд оролцохыг зөвлөсөн юм. Би өмнө нь сугалаанд огт оролцож байгаагүй болохоор дэлгүүрт очоод өвөө рүүгээ залгаж, ямар сугалааны тасалбар авахыг асууж байв. Тэр надад Lotto 6-49 сугалааны тасалбар авахыг хэлж өгсөн. Анх удаа сугалаанд оролцоод азтан болсондоо одоо ч итгэхгүй байна” гэж тэр хэвлэлд ярьжээ.

OLGC байгууллагын мэдэгдэлд “Сүүлийн жилүүдэд Канад даяар 18 настнууд сугалаанд хожиж байсан ч Жулиет шиг их мөнгө хожсон тохиолдол байхгүй” гэсэн байна.

Ламур хожсон мөнгөө аавынхаа тусламжтай хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөжээ. Түүний аав нь санхүүгийн зөвлөхөөр ажилладаг юм байна.

Хэдий саятан болсон ч Ламур их сургуулиа төгсөж, эмч болох зорилгоос ухрахгүйгээ мэдэгджээ.

Тэрбээр сургуулиа төгсмөгц дэлхийгээр хэсэг хугацаанд аялсны дараа Онтариодоо эмчээр ажиллаж, хүмүүсийн сайн сайхны төлөө сурсан эрдмээ зориулах мөрөөдөлтэй гэнэ.

“Сургуулиа төгссөний дараа би гэр бүлтэйгээ дэлхийн олон орноор аялна. Би олон улс үндэстний түүх соёлтой танилцаж, хоолыг нь амсаж, хэлийг нь сонсмоор байна. Гэхдээ хүнийг мөнгө биш, хийж буй ажил нь тодорхойлдог гэдэгт итгэдэг” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: The Guardian