Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 12 дугаар сарын 26-30-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 14 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 54 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 5 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 34 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 749 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 5 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна.
Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 740 хэрэг шалгагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл бичиж холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Эрүүгийн 1 хэрэгт 24 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан.
Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдийг дурдвал:
- “Б” нь Харилцаа холбооны зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан зэрэг гэх;
- Авто тээврийн үндэсний төвийн салбарын удирдах албан тушаалтан “Д” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хахууль авсан гэх;
- Дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний удирдах албан тушаалтан “Э” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Төв аймгийн сумын ИТХ-ын удирдах албан тушаалтан “Э” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
- Баянхонгор аймгийн удирдах албан тушаалтан “Б”, “О” нар нь бусдаас 100.000.000 төгрөгийг хахуульд авсан гэх
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар