Эрдэнэт үйлдвэр үйл ажиллагаандаа олон улсын болон Монгол улсын стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлж байгаагийн нэг нь өнгөрсөн оноос хэрэгжүүлж эхэлсэн Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 багц стандарт юм. Энэхүү стандартын хэрэгжилтийг баталгаажуулахаар бэлтгэл ажлаа хангаж, энэ сарын 1-нээс Олон улсын баталгаажуулалтын аудитад хамрагдаж буйг Хүний нөөц, Захиргааны хэлтсээс мэдээлэв. Олон улсын баталгаажуулалтын аудитад ирэх 11 сарын 31-нийг дуустал хамрагдах аж.
Хүний нөөцийн менежментийн тогтолцооны стандартыг хэрэгжүүлэх нь олон улсын стандарт, шилдэг арга хэрэгсэл, сайн туршлагуудаас нэвтрүүлэх боломж бүрдүүлж, чадварлаг ажиллах хүчинтэй, урт хугацаанд оршин тогтнох, ажил олгогчийн брэндийг өсгөх үр нөлөө бүхий менежментийн тогтолцоог нутагшуулах ач холбогдолтой. Түүнчлэн НҮБ-ын тогтвортой хөгжлийн 9 зорилгыг оновчтой хэрэгжүүлэх, Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөцийн үндсэн чиг үүргийг хэмжих, хянах, сайжруулах, олон улсын стандартад нийцүүлж, ажиллах хүчийг чадавхжуулах, ажилтны сэтгэл ханамж, байгууллагын соёл, бүтээмжид эерэгээр нөлөөлсөн цогц тогтолцоог бий болгох, үйлдвэрийн эрхэм зорилгод нийцсэн стандартыг тогтоох зэрэг өндөр үр дүн, өгөөж гарна. Хүний нөөцийн менежментийн тогтолцооны ISO 30400 стандартыг хэрэгжүүлэх үйлсэд үйлдвэрийн ажилтан бүрийн оролцоо санаачилга, хувь нэмэр юу юунаас илүү чухал гэдгийг хүний нөөцийн мэргэжилтнүүд онцолж байна.