Баянзүрх дүүрэг “Хөгжлийн зураглал 2030” бодлогын бичиг баримт боловсруулсан. Энэ хүрээнд олон төрөлт гудамжнуудыг байгуулахаар төлөвлөсний нэг нь Монгол Кино үйлдвэрийг түшиглэсэн “Монгол кино гудамж” төсөл юм. Энэхүү төсөл нь бүс нутгийн онцлогийг товойлгосон, аялал жуулчлал, ажлын байрыг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт болно. Тиймээс Соёлын Яамнаас зохион байгуулж буй Соёлын бүтээлч сар аяны хүрээнд зохион байгуулагдаж буй “Бүтээлч хот-Үндэсний дүр төрх” хэлэлцүүлэгт Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх урилгаар оролцож энэхүү төслөө танилцууллаа.
Баянзүрх дүүрэгт Монгол кино үйлдвэрийг түшиглэсэн “Монгол кино гудамж” байгуулахаар өнгөрсөн хугацаанд гурван удаагийн хэлэлцүүлэг өрнүүлж, үе үеийн кино урлагийн уран бүтээлчдийг оролцуулж саналыг сонссоны хүрээнд зураг төслийн ажлыг хийж дуусгасан байна. Цаашид төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг гадаадын олон эх үүсвэрээр олохоор төлөвлөж, Холливудын гудамжны жишгээр музей, кино театр зэргийг цогцоор нь байгуулж, иргэдийг аль болох татах олон зүйлийг санаачилж байгаа талаар Засаг дарга Н.Баярмөнх ярилаа.
Хэлэлцүүлгийн модератор Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацын хэлтсийн дарга Г.Батхуяг ““Монгол кино гудамж” төсөл бол жинхэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэл мөн. Тиймээс цаашид бид хэрхэн туслах, ямар гадаадын төслүүдтэй холбож өгөх тал дээр анхаарч дэмжин ажиллах болно” гэлээ. Мөн Соёлын яамнаас Монгол кино үйлдвэрийг олон улсын жишигт нийцсэн орчин үеийн дуу, дүрс үйлдвэрлэлийн цогцолбор байдлаар хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.