​​​​​​​ОХУ-ын Москва хотноо энэ сарын 14, 15-ны өдрүүдэд Монгол, Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит XXIV хуралдаан болж, эрчим хүчний яамны төлөөллүүд оролцлоо. 

Хуралдааны үеэр Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ОХУ-ын Эрчим хүчний сайд Николай Григорьевич Шульгиновтой албан уулзалт хийлээ. Уулзалтаар “Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн өргөтгөлийн төслийн явц, ОХУ-аас авах цахилгаан эрчим хүчний хэмжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний сэлбэг, материалыг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв.

“Дулааны III цахилгаан станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 300МВт-аар нэмэгдүүлэх төслийн хүрээнд 2022 оны аравдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Интер Рао Экспорт” НХН-ийн захирал Сергеевтэй хийсэн хэлэлцээний хүрээнд тодорхой шийдлүүдэд хүрсэн талаар сайд Б.Чойжилсүрэн танилцуулж, тус төслийг ОХУ-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх талаар хоёр тал хэлэлцлээ.

Түүнчлэн ОХУ-аас Монгол Улсын эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлдэг хэмжээг ирэх онд нэмэгдүүлэх талаар хүсэлт тавьсан байна. 

Уулзалтын төгсгөлд эрчим хүчний сэлбэг материалыг хилээр саадгүй нэвтрүүлэх чиглэлээр дэмжлэг хүслээ. Өнгөрөгч онд ОХУ-ын зарим тоног төхөөрөмжийг хилээр гаргахад тусгай зөвшөөрөл нэмэлтээр авах шаардлагатай болсон тул нийлүүлэлт удаашраад байсан юм.