Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн тэргүүтэй мэргэжилтнүүд саяхан ХБНГУ-д туршлага судлаад иржээ. Тэд Монголын металл боловсруулах инженерүүдийн холбооны ажлын багтай хамтран энэ үеэр Герман улсад болсон  ажил мэргэжлийн “Дэлхийн ур чадвар”-ын тэмцээнийг үзэж сонирхсон байна. Тус тэмцээнд манай улсаас Дорнод аймгийн  Техникийн коллежийн төгсөгч Г.Очбаатар токарь фрезерийн чиглэлээр эх орноо төлөөлөн оролцжээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын Механик цехийн “CNC” төвд мэргэжлийн машин техник, төхөөрөмж дээр мэргэжлийн багшийн заавар дор бэлтгэл дадлага хийснээр мэргэжлийн ур чадвар өссөн байсныг тэмцээний шүүгчид үнэлсэн байна. 


Томилолтын багийнхан Герман улсын машин үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаатай танилцжээ. Тухайлбал, металл боловсруулах багажийн үйлдвэрлэлийг үзэж, хатуу хайлш болон хурдан зуурагчаар багаж хийх технологи буюу манай нөхцөлд нутагшуулж, үйлдвэрлэх боломжийг судалсан байна. “Цаашид Засвар механикийн заводод техник, эдийн засгийн үндэслэлтэй уялдуулаад зарим нэгэн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдэнэ. Үүний хүрээнд анх удаа том оврын суурь машин үйлдвэрлэлийг хажуугаас нь үзэж, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой юм гэдгийг олж харсан. Энэ нь бидний  техник технологийн шинэчлэлийн ажлын судалгааны суурь болно” гэж тус заводын дарга томилолтын ажлын үр дүнгээс онцоллоо.