Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс Тавантолгой" ХК-д зургаан сарын хугацаатайгаар онцгой дэглэм тогтоох шийдвэр гаргажээ. Засгийн газрын аравдугаар сарын 5-ны өдрийн хуралдаанаас гарсан 362 тогтоолын хэрэгжилтийг хангах буюу гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээтэй холбоотой аж.
Тус тогтоолын дагуу "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны төгсгөл гэхэд 500 сая ам.долларыг татан төвлөрүүлэх үүрэгтэй юм.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томиллоо.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилт, тус компанид тогтоосон онцгой дэглэмийн үр дүн, явцын байдлыг сар бүр Засгийн газарт танилцуулж, тодорхой чиглэл авч ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.