Хүн амын дунд зонхилон тохиолддог, нас баралтын хувь өндөртэй зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үеийн эм зүйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор “Новартис эмийн хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2021 оноос Швейцарын Холбооны Улсын “Новартис Глобал” эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Монгол улсын хүний эмийн зөвлөл хуралдаж, "Новартис аксес" хөтөлбөрийн хүрээнд нэн шаардлагатай байгаа эмийн жагсаалтад орсон олон улсын нэр хүндтэй компанийн 16 төрлийн эмийг Монгол улсын эмийн жагсаалтад бүртгэлээ.

Эдгээр 16 ерөнхий нэршлийн эм нь Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалаар баталсан “Зайлшгүй шаардлагатай эмийн 9 дэх жагсаалт”-д багтсан. Ингэснээр даатгуулагч-иргэдийг чанартай, боломжийн үнэ бүхий эм худалдан авах нөхцөл, бололцоогоор хангах, эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах боломж нээгдэж байна.

Түүнчлэн дээрх эмийг хамгийн бага өртгөөр зах зээлд нийлүүлж, санхүүгийн дарамтаас шалтгаалан эмээ авч чадахгүй байгаа даатгуулагч-иргэдэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн зардлын төлбөрийг нь хариуцаж олгох бөгөөд улс орон даяар бүх эмийн сангуудаар тэгш хүртээмжтэй хүргэхээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Эмийн хүртээмжийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Новартис компани нь Швейцарын холбооны улсад төвтэй дэлхийн эрүүл мэндийн өндөр чанартай эм үйлдвэрлэгч байгууллага юм. Өдөр бүр Африк, Ази, зүүн Европ, Латин Америкийн улс орон руу экспорт хийж, өвчиндөө шаналж яваа олон мянган даатгуулагч-иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн хөтөлбөрийг улс орнуудад хэрэгжүүлж ажилладаг үйлдвэрлэгч байгуулага юм.