“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон Эрдэнэт медикал эмнэлэг, Спорт цогцолбор, Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын Нийтийн хоолны хэсэг, “Сэлэнгэ” катеринг, “Энэрэл” хүүхдийн төв, Аж ахуй, үйлчилгээний цехийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.
Эрдэнэт үйлдвэрийн “Эрдэнэт медикал” эмнэлэг нь Япон улсын эмнэлгийн менежмент, стандартаар 2015 онд байгуулагдсан. Тус эмнэлэг нь Монгол улсын эрүүл мэндийн салбарт шинэ техник технологийг нэвтрүүлэн, иргэдэд эрүүл мэндийн 3 дахь шатлалын үйлчилгээг үзүүлж байна. Эрдэнэт медикал эмнэлэгийн лабориториуд нь орчим үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж, үр дүнг өндөр нарийвчлалтай гарган, иргэд гадаад орнуудад авдаг эрүүл мэндийн үйлчилгээг хүртэх боломжийг ханган ажилладаг. Орхон аймаг болон бусад аймгийн иргэдэд эмнэлгийн зарим нэр төрлийн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилттэй хийж байна. Эрдэнэт үйлдвэрийн 7000 гаруй ажилчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг жил бүр энд хийгддэг. 2022 онд нийт ажилтан, ахмадууд, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон иргэд гээд 10 мянга гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөөд байна. Сүүлийн таван жилийн дунджаар нэг ажилтанд 500 мянгаас 1 сая 400 мянган төгрөгийн өртөг бүхий нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээнд хамрагдаж байгаа юм.
Зөвхөн үйлдвэрийн ажилчид төдийгүй иргэдэд зориулсан урьдчилан сэргийлэх үзлэг хийдэг. Эрдэнэт медикал эмнэлэг нь Япон улсад хийгддэг урьдчилан сэргийлэх үзлэгийг Монгол улсад анх удаа хэрэгжүүлсэн бөгөөд тухайн иргэний эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний мэдээлэл 10 орчим жил хадгалагддаг байна. Тус эмнэлэг үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 55 мянга орчим хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулжээ. Ходоод, улаан хоолойн цус тогтоох ажилбарыг дурангийн аргаар хийж эхэлснээр сүүлийн 5 жилийн дүн мэдээллээр Орхон аймгийн цусны нөөцийг жил бүр 34-40 хувиар бууруулж, сүүлийн 6 жилийн хугацаанд нийт 520 гаруй хавдар илрүүлснээс 62 хувь нь эрт үедээ оношлогдон эмчлэгдсэн байна.
Эрдэнэт үйлдвэрийн харьяанд ажилчдын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, өвчлөлийг бууруулах зорилгоор Эрдэнэт сувиллын цогцолбор, Орос эмнэлэг, Эрдэнэт медикал гэсэн гурван нэгж үйл ажиллагаа явуулж байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал дээрх нэгжүүдийн үйл ажиллагааны давхцалыг арилгаж, нэгдсэн төвлөрсөн бүтцийн нэг нэгж болон ажиллахад саналаа ирүүлэхийг үйлдвэрийн газрын Хамтын ажиллагаа нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энхэд үүрэг болголоо.
Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд дараа нь Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дугуйлан секцийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус цогцолбор нь нийтийн биеийн тамирыг олон төрлөөр хөгжүүлэхээс гадна, их спортын олон алдартан тамирчдыг төрүүлж байна. 2022 оны эхний 9 дүгээр сарын байдлаар үйлдвэрийн газрын хэмжээнд спортын 74 тэмцээн уралдаан зохион байгуулж, давхардсан тоогоор 23 мянган ажилтан хамрагдсан байна. Өнөөдрийн байдлаар 14 төрлийн дугуйлан хичээллүүлж, 29 мянган хүн хичээллэж байгаа юм. Мөн тамирчид бокс, жудо, чөлөөт бөх, туялзуур сэлэм, байт харвааны төрлөөр олон улсын тэмцээнээс 11 алт, 9 мөнгө, 16 хүрэл медаль, улсын аварга шалгаруулах тэмцээнээс 50 алт, 28 мөнгө, 36 хүрэл медаль хүртээд байна. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон үйлдвэрийн газрын Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын ажилчдад халуун хоолоор үйлчилж байгаа Нийтийн хоолны хэсэг, “Сэлэнгэ” катерингийн хоол үйлдвэрлэлтэй биечлэн танилцаж, “Энэрэл” төвийн хүүхдүүдийн амьдарч сурч байгаа орчин нөхцөл, сургалт, Аж ахуйн үйлчилгээний цехийн хими цэвэрлэгээний үйл ажиллагаатай танилцлаа.