Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Г.Ёндон өнгөрсөн долоо хоногт үйлдвэрлэлийн цех нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж дууссан бол энэ долоо хоногт нийгмийн цехийнхэнтэй уулзаж байна. Тэрээр өчигдөр Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энхийн хамт үйлдвэрийн нийгмийн цехүүдийн удирдлагатай уулзаж, санал бодлыг нь сонслоо. Эрдэнэт үйлдвэрийн харьяанд боловсрол, эрүүл мэнд, амралт аялал жуулчлал, нийтийн хоол, зөөлөн оёдол, үйлчилгээ аж ахуйн чиглэлийн 11 цех ажилладаг. Тэдгээрт өнөөдрийн байдлаар 1100 орчим ажилтан ажиллаж байна.
Уулзалтын эхэнд нийгмийн цехүүдийн удирдлагууд өөрийн цех нэгжийн үйл ажиллагааны онцлог, өнөөгийн байдал, орлого зардал, цаашдын зорилт, төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлаар танилцуулга мэдээлэл хийлээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий захирал цех бүрийг нэг бүрчлэн онцлон, үйл ажиллагаагаа сайжруулан, бүтээгдэхүүний чанар, хэмжээг өсгөх, орлого нэмэгдүүлж, үргүй зардлыг бууруулах, харилцаа хандлага, соёлд анхаарах зэрэг олон талаас нь үүрэг чиглэл өгсөн. Түүнчлэн, үйлдвэрийн газрын ирэх оны бизнес төлөвлөгөөг боловсруулж байна. Энэ ажлын явцаас харахад, 2023 оны бизнес төлөвлөгөө, төсөв нэлээд “чанга” болно. Тиймээс манай үйлдвэр бүхий л түвшиндээ хэмнэлтийн бодлого баримталж, өөрөөр хэлбэл “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх” шаардлагатай болсныг өнөөгийн цаг үе сануулж буйг Ерөнхий захирал нийгмийн цехийнхэнд хандаж хэлсэн. Мөн Эрдэнэт үйлдвэрийн дэргэд ажиллаж буй нийгмийн цехүүд ямар ч цаг үед үүргээ биелүүлж, уурхайчид болон тэдний ар гэр, үр хүүхдийн амралт, чөлөөт цагийг үр өгөөжтэй өнгөрүүлэх, соёл, боловсрол, эрүүл мэндийг дээшлүүлэх, сахин хамгаалах, ажиллах хөдөлмөрлөх таатай орчин, уур амьсгал бүрдүүлэх, урам зориг сэргээх зэрэгт олон талын үүрэг оролцоо, хувь нэмрээ оруулсаар буйг үнэлэхийн зэрэгцээ үйл ажиллагаагаа цаашид улам илүү оновчтой, тодорхой болгож ажиллахыг санууллаа.
Уулзалтын дараа Ерөнхий захирал Г.Ёндон, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газрын дарга Ц.Бат-Энх нар “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Орос эмнэлэг, Соёл, урлагийн цогцолборт очиж, тэдгээрийн барилга байгууламж, ажлын байр, ажилтнуудын төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилцсон юм. Өнөөдөр үйлдвэрийн удирдлагууд нийгмийн цехүүд дэх уулзалтаа үргэлжлүүлж, газар дээр нь биечлэн танилцаж байна.