ОХУ-аас Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ руу байгалийн хийн хоолой татах төслийн Зураг төсөл, инженерийн хайгуул судалгааны ажлыг эхлүүлэх гэрээнд өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр талууд гарын үсэг зурсан.
Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаараа байгалийн хий дамжуулах хоолойн төсөлд Монголын талыг төлөөлж “Эрдэнэс Монгол” компани ажиллах нь зүйтэй гэж үзжээ. Тус тэмдэглэлийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2020 оны долдугаар сарын 23-ны өдөр 30 дугаар тогтоол гаргаж, байгалийн хий дамжуулах хоолойн төслийн асуудлаар ОХУ болон БНХАУ-ын холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, төслийн бэлтгэл ажлыг хангах, харилцан мэдээлэл солилцох чиг үүрэг бүхий “Эрдэнэс Газ” төслийн нэгжийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харьяанд байгуулжээ.
“Эрдэнэс Газ” төслийн нэгж нь Монгол Улсын Засгийн газар болон “Газпром” НХН-ийн Хамтарсан Ажлын хэсгийн 2020, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнүүдийг бүрэн биелүүлж, одоогийн байдлаар 2022-2024 оны төлөвлөгөөний дагуу ажлаа явуулж байгааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Нэгдсэн удирдлага стратегийн хэлтсийн дарга Б.Цэвэгжав хэллээ.
Тэрбээр "Тус төсөл нь гурван улсыг дамнасан томоохон төсөл учир бичиг цаасны ажил ихтэй. Бид оролцогч талуудтай харилцан ойлголцлын санамж бичгээс эхлээд нууцлалын хэлэлцээр, хамтран ажиллах протокол, 2022-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг 11 баримт бичгийг байгуулаад ажиллаж байна" хэмээн нэмж мэдээлэв.
Одоогийн байдлаар тодорхой болоод буй тооцооллуудаас танилцуулбал:
- ОХУ-аас БНХАУ руу чиглэсэн 962 км урттай Монгол Улсын 6 аймаг, 23 сумын нутгаар дайран өнгөрнө.
- Тус төсөл нь жилд 50 тэрбум м3 хий дамжуулах хүчин чадалтай, 1,420 мм диаметртэй хийн хоолойн төсөл юм.
- Газар доогуур 1.5-1.8 метрийн гүнд баригдах бөгөөд маршрутын дагуу 5 компрессорын станц барихаар урьдчилсан байдлаар тооцоолжээ.
- Нийт хөрөнгө оруулалт 8 тэрбум ам.доллар гэж тооцож байна.
Хэрэгжүүлж буй ажлуудаас дурдвал:
- Төслийн ТЭЗҮ-ийг төлөвлөсөн хуваарийн дагуу 2021 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр бүрэн дуусгаж, Монголын талд хүлээлгэн өгсөн.
- Монгол Улсын Засгийн газар Тусгай зориулалтын компанид ОХУ-аас 2022 онд ирж ажиллах инженер, техникийн ажилтнуудын тоог тогтоож, Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгож, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай 391, 392 дугаар тогтоолуудыг баталж гаргасан.
- “Эрдэнэс Монгол” ХХК нь Тусгай зориулалтын компанитай хамтран байгалийн хий дамжуулах хоолойн зурвас газрыг нарийвчлан тодорхойлоод байна. Энэхүү зурвас газрын чигийг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авахаар ажиллаж байна.
- Тусгай зориулалтын компанид инженерийн судалгааны ажил хийх болон барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрлийг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар олгоод байна.
- Яам, агентлаг, нийслэл, аймгуудын удирдлагуудтай нягт хамтран ажиллаж байна.
- Төслийг хэрэгжүүлэх шатанд ашиглагдах ОХУ-ын хоёр норм, стандартыг Монгол Улсад хэрэглэхээр бүртгүүлээд байна. Мөн ОХУ-ын төв дамжуулах (магистрал) хоолойн барилгын хоёр норм ба дүрмийг орчуулан, батлуулаад байна.
- Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх байгалийн хий нийлүүлэх хоолойн улс төр, геополитик, эдийн засаг, нийгэм, гурван улсын харилцаа, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар судалгаа хийж байна.
Өнгөрсөн есдүгээр сард Укбекистан улсад болсон ШХАБ-ын гишүүн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын нутгаар дамжих хийн хоолойн талаар нааштай хандаж буйгаа илэрхийлснээс гадна аж ахуйн нэгжийн түвшинд эдийн засгийн тооцооллоо хийе гэдгээ хэлээд байгаа билээ.