Чарльзыг хаан ширээнд залах ёслолын ажиллагаа ирэх оны тавдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдахыг Букингэмийн ордон өчигдөр зарлажээ.

Энэ удаагийн ёслолд өмнөх ижил арга хэмжээнээс богино хугацаа, бага хөрөнгө мөнгө зарцуулах төлөвтэй байгааг Их Британийн хэвлэлүүд мэдээлж байна. Хаант засаглалыг орчин үеийн нөхцөл шаардлагад нийцүүлэх, цомхон бүтэц агуулгатай болгох Чарльзын хүсэлтэй энэ нь холбоотой гэнэ.

Талийгаач хатан хаан Элизабетыг өргөмжлөх ёслол 1953 онд зохион байгуулагдахад гурван цаг үргэлжилж байжээ.

Энэ удаагийн ёслолын ажиллагаанд 2,000 хүн уригдах бол Элизабетын үед 8,000 хүн урьж байсан гэнэ.

Чарльзтай хамт түүний гэргий Камилла хатан суудалд өргөмжлөгдөх юм байна.

“Ширээнд өргөмжлөх ёслол нь эртний уламжлал, дэг ёсноос улбаатай байхын зэрэгцээ хааны өнөөдрийн үүргийг тусгаж, ирээдүйг харсан үйл явдал байх болно” гэж Букингэмийн ордны мэдэгдэлд өгүүлжээ.

Уламжлалын дагуу ариун тосоор тослуулсан Чарльз хааны титэм, бөмбөрцөг, очирт таягийг хүлээж авах юм.

Их Британийн шинэ хааныг ширээнд өргөмжлөх ёслол өмнөх хааныг нас барснаас хойш хэдэн сарын дараа зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ нь өмнөх хааны араас гашуудах, ширээнд өргөмжлөх ёслолыг бэлтгэхэд хугацаа өгч буй хэрэг юм байна.

 

Эх сурвалж: Associated Press