“Би унтах дуртай. Унтах бол энэ дэлхийн хамгийн сайхан зүйл. Зүүдний ертөнц, зүүдний тайлал, нууцлаг шинж чанар намайг их татдаг” гэж ярих энэ бүсгүй “Зүүд” хэмээх бүтээлээрээ Европдоо томоохонд тооцогдох “Норд Арт” олон улсын үзэсгэлэнд улсаа төлөөлөн оролцох гэж буй.

“Би уран бүтээлд өөрийгөө 100 хувь зориулна гэж боддог. Өглөө сэрээд аяга кофе бариад  зотонтойгоо зууралдаад хөгжмөө сонсоод л,  хэн ч надад садаа болохгүйгээр суух миний амьдралын мөрөөдөл. Ганцаараа байх үед мэдрэмжүүд хурцаар гарч ирдэг” гэж Урчуудын эвлэлийн хорооны дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэх гишүүн, уран бүтээлч, зураач А.Болормаа ярилаа. Тэрээр ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 13-нд Герман улсад “Норд Арт” үзэсгэлэнд цаасан дээр нүүрс ашиглан хийсэн “Зүүд” бүтээлээрээ оролцоно. Цемент, шороо, мод, төмөр, даавуун материалаар бүтээлээ урладгаараа тэр бусдаас ондоо, өвөрмөц уран бүтээлч юм.

А.Болормаа гурван настайдаа зурж эхэлжээ. Дөрвөн настайдаа Японы олон улсын зургийн уралдаанаас авсан шагналынх нь мөнгөөр ээж аав нь түүнд ватум цаас, өнгийн харандаа авч өгсөн байна.

“Оёхоос бусдыг хийж үзсэн” гэж ярих тэрээр зураач, дизайнер мэргэжилтэй. VIII ангидаа сийлбэр, хүүхэлдэй хийдэг байсан бол өдгөө СУИС-д хар уран зургийн цагийн багшаар ажиллахынхаа хажуугаар үнэт эдлэл, гоёл чимэглэлийн дэлгүүрийг найзтайгаа ажиллуулдаг, мөн өөрийн урлантай. Өдгөө 35 настай гэхэд уран бүтээлээ туурвихын зэрэгцээ олон ажил амжуулж, амьдралдаа олон ч зүйлийг туршиж үзсэн, цаашдаа ч өөр сонин содон зүйлийг нээж, хийж үзэх хүсэлтэй нэгэн.

Тиймдээ ч түүнийг онцолж “Залуус” буландаа урьсан хэрэг. “Хүн өөрийгөө олох хэрэгтэй. Үүний тулд секунд, минут тутамд өөрийгөө сорьж, нээж, илрүүлэх алхмыг хийх нь зөв. Учир нь хүн өөрийгөө олчихвол аз жаргалыг олно. Юунд дуртайгаа, юу хийхийг хүсч байгаагаа мэдвэл аз жаргалтай сонголтуудыг хийх байх” гэж тэрээр залууст зөвлөлөө.

А.Болормаа гурван настайдаа зурж эхэлжээ. Дөрвөн настайдаа Японы олон улсын зургийн уралдаанаас авсан шагналынх нь мөнгөөр ээж аав нь түүнд ватум цаас, өнгийн харандаа авч өгсөн байна. Сурагч байхдаа ч хамгийн арын ширээнд дэвтэр дээрээ зураг зураад л суучихдаг байж. Дүрслэх урлагийн дээд сургуулийг төгсөөд дараа нь  Норвегид зураач, дизайны чиглэлээр давхар сурч, Агдэрийн их сургуульд магистраа контемпорари арт чиглэлийн бүтээлээр хамгаалжээ.

Хамгийн анхны бие даасан үзэсгэлэнгээ 2010 онд Норвегид сүмийн хажуу дахь номын санд гаргаж байсан гэнэ. Тэрээр Норвегид суралцсан есөн жилийнхээ эхнийхийг сэтгэл гутралын жил гэж нэрлэжээ. Хөрөг зурах, гудамжинд суугаад олон хүний өмнө зурах айдастайгаа нүүр тулж, үзэсгэлэн гаргаж хийж бүтээснээ хүмүүст дүгнүүлэх бол хамгийн хэцүү зүйл нь байсан гэсэн. Гэвч бууж өгөлгүйгээр зүтгэж тэрхүү хэцүү зүйлийн ард гарч зурагаа зурахаас гадна ном унших, хэлээ сайжруулах, өөрийгөө нээж, өөрчлөхийн тулд хичээж эхэлжээ. 

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хүмүүст уран бүтээлийн талаар ойлголт өгөх, цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор  “LAGOM” урланг нээжээ.

Олон газраар аялж, музей, үзэсгэлэн үзэхээр өнгийг харах үзэмж өөрчлөгдөж, шинэ мэдрэмж авч түүнийгээ бүтээлдээ тусгаж эхэлсэн. Өөрөөсөө илүү хүмүүсээс суралцах ёстой. Харин чадахгүй байгаа нэгнээ шүүмжлэхийн оронд тусалж дэмжих хэрэгтэй гэдгийг Норвегид сурч байхдаа ойлгосон тухайгаа хуучилсан юм.  Тиймдээ ч  тэрээр хамтарсан үзэсгэлэнгүүдэд оролцох дуртай. Учир нь хамтарсан үзэсгэлэнгээс өөрийгөө бусад уран бүтээлчтэй харьцуулж хаана яваагаа мэдэж авдаг гэсэн юм.

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хүмүүст уран бүтээлийн талаар ойлголт өгөх, цагийг зугаатай өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилгоор  “LAGOM” урланг нээжээ. Резинэн арт буюу шингэн шилээр бүтээл хийдэг нь түүний онцлог.  LAGOM гэдэг нь Шведээр илүү ч үгүй, дутуу ч үгүй гэсэн утгатай бөгөөд түүний амьдралын философи ч ийм. Ямар нэгэн юм илүү ч үгүй, дутуу ч үгүй дундаж байх ёстой гэсэн зарчимтай. 

Түүний бүтээлүүд хүнд ямар нэгэн юмыг ухааруулж ойлгуулах, дурсамжийг нь сэдрээх, гуниг төрүүлэх, баярлуулах мэдрэмжийг өгдөг.  Нийгэмд санаа зовоох олон асуудал байгаа учраас илүү хөнгөн гэгээлэг мэдрэмжийг хүмүүст өгөхийг хүсдэг гэв. Түүний  сүүлийн үеийн бүтээлүүдийг харахад хөнгөн боловч асуудал хөндсөн шинжтэй. “Уран бүтээлчдийн замнал хатуу ширүүн, хэзээ ч дардан байгаагүй. Угаасаа дардан байх ч үгүй” хэмээн тэрээр хэлсэн. Гэвч уран бүтээлчийн энэ хатуу ширүүн, дардан бус замаар явж, шантарч зогсолгүйгээр зүтгэсэн чадварлаг залуу уран бүтээлч гэдгийг түүний туулсан зам харуулна.