Ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багш, удирдах ажилтнуудын дипломыг Боловсрол, Шинжлэх Ухааны Яам болон мэргэжлийн хяналтын байгууллага хамтран зургаан сарын хугацаанд шалгажээ.
Шалгалтын явцад 724 зөрчил илэрсэн талаар Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар(МХЕГ)-ын дарга Б.Баасандорж мэдээлсэн юм.
Илэрсэн зөрчлүүдийг ангилан үзвэл:
- Дипломын дугаар давхардсан зөрчил хамгийн их илэрчээ. Тодруулбал, бусдын овог нэрийг ашигласан, гарын үсэг дуурайлгасан, дугаарыг нь өөрчилсөн зөрчил дийлэнх хувийг эзэлж байна.
- Бүртгэлгүй диплом. Тухайн жилд их, дээд сургуулиудад хуваарилаагүй, бүртгэлд огт байхгүй дугаарыг бичиж, хуурамчаар ашигласан.
- Боловсролын байгууллагын буруутай үйлдлээс шалтгаалсан. Хуурамч загвар, бичиглэл бүхий дипломд сургуулийн тамга тэмдэг дарсан.
- Боловсролын дээд байгууллагын алдаанаас үүдсэн. Энэ нь санаатай санамсаргүй байсан эсэхийг хуулийн байгууллага тогтооно.
- Өмнөх болон дараагийн шатны боловсролын бичиг баримтын зөрчил. Бакалавр, магистр, докторын дипломын зөрчил илэрсэн.
- Суралцаж байгаа оюутныг багшаар ажиллуулж байсан зөрчил ч илэрсэн тул хуулийн байгууллагад шилжүүлж байгаа юм.
МХЕГ-ын дарга Б.Баасандорж "Мэргэжлийн хяналтын байгууллага нь шалгалтын явцад зөрчил илэрвэл таслан зогсоох, гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Энэ дагуу хуулийн байгууллага 724 зөрчилд хэн буруутайг тогтоосноор субъектүүдийг албан ёсоор нэр устай нь зарлана" хэмээв.