​Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурал энэ сарын 18-19-ний өдөр Улаанбаатар хотноо болж өндөрлөлөө.

Их Хуралд Азийн нийгэмлэгийн гишүүнчлэлтэй 20 орчим улсын Үндсэн хуулийн шүүхийн Ерөнхийлөгч, Ерөнхий шүүгч зэрэг нийт 30 гаруй төлөөлөгчид танхимаар болон цахимаар оролцов.

Их Хурлын хуралдааны үеэр “Ази дахь Үндсэн хуулийн шүүх эрх мэдлийн хөгжлийн чиг хандлага” ерөнхий сэдвийн хүрээнд өргөн цар хүрээг хамарсан олон сорилтын үед ардчилал, түүний үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг   хамгаалахад Үндсэн хуулийн шүүхийн гүйцэтгэх үүрэг болон Үндсэн хуулийн хяналтыг улам сайжруулах, шинэчлэх талаарх туршлага, зарим улсын Үндсэн хуулийн хяналтын шатны үйл ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт зэрэг асуудлыг хөндсөн илтгэлүүд тавьж  хэлэлцүүллээ.

Их Хурлыг хааж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Ерөнхийлөгч Н.Чинбат үг хэлэхдээ, “Хуралд оролцогчид Үндсэн хуулийн шүүх болон хяналтын байгууллагууд ардчилал, түүний үнэт зүйлс, хүний эрх, эрх чөлөөг хамгаалахын зэрэгцээ улс орны хөгжлийг хангах эрх зүйн үндэс болох Үндсэн хуулийг хамгаалж ирсэн бөгөөд өнөөгийн өргөн цар хүрээг хамарсан олон талт сорилт, бэрхшээлийг даван туулахад Үндсэн хуулийн хяналтын үүрэг, оролцоо өндөр байгааг цохон тэмдэглэсэн”-ийг дурдлаа.

Мөн тэрээр цааш, Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн үйл ажиллагааг үнэлэхдээ, “Бидний байгуулсан энэхүү нийгэмлэгийн үйл ажиллагаа бол энэ бүс нутгийн Үндсэн хуулийн шүүх, хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, хамтран хөгжин дэвшихэд чухал нөлөө үзүүлж байдаг. Энэ хүрээндээ бид даргалагчийн үүрэг хэрэгжүүлэх хугацаанд аливаа олон Улсын болон хамтын нөхөрлөлийн байгууллага, нийгэмлэгүүдэд Азийн нийгэмлэгийн гишүүдийн олонх нь дэмжлэг авсан асуудлаар байр суурь, саналаа илэрхийлж байх зарчмыг баримтлан ажиллаж байгаа билээ” гэдгээ илэрхийллээ.

Үндсэн хуулийн шүүх, түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн 5 дугаар Их Хурлаас Улаанбаатарын тунхаглалыг санал нэгтэй батлан гаргалаа.  

Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Ази тивд тогтмол үйл ажиллагаатай Үндсэн хуулийн шүүхийн хамтын ажиллагааны байгууллага байгуулах санал анх гаргалцаж байсан бөгөөд өдгөө 21 улсын Үндсэн хуулийн хяналтын байгууллагыг эгнээндээ нэгтгэж буй тус нийгэмлэгийг 2021-2023 онд  удирдан ажиллаж байна.

Эх сурвалж: Үндсэн хуулийн Цэц