Өвлийн XXIV олимпын наадам өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Энэ удаагийн олимпод 91 орны 2871 тамирчин спортын үндсэн долоон төрөлд 109 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөх болно. Хэдийгээр оролцох тамирчдын тоо өмнөх хоёр олимпыг гүйцэхгүй ч нийт тамирчдын 44.9 хувь нь эмэгтэй тамирчид байгаа нь хүйсийн харьцаа хамгийн ойртож ирсэн өвлийн олимп болж байна.
ОУОХ-ноос эмэгтэй тамирчдын оролцоог нэмэгдүүлэх үүднээс долоон шинэ төрлийг Бээжингийн олимпын хөтөлбөрт оруулаад буй. Тухайлбал, фристайлын эрэгтэй, эмэгтэй big air төрөл, бобслейн эмэгтэй ганцаарчилсан төрөл болон трамплин, сноуборд, шорт трек, фристайлын aerials төрөлд холимог багийн тэмцээнийг оруулсан юм.
Монголчууд энэ удаагийн олимпт цанын төрлөөр хоёр тамирчинтай оролцож буй. Нээлтийн ёслолд улс орнуудыг хятад цагаан толгойн дарааллаар оруулах бөгөөд Монголын баг 79 дэх ээлжид цэнгэлдэхэд орж ирсэн юм.