Гэр хорооллыг орон сууцжуулах ажлын хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжиж буй төслүүдийн явцтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар холбогдох албаны хүмүүсийн хамт өчигдөр танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд анхаарал татах хэд хэдэн асуудлыг дэвшүүлсэн нь олны шүүмжлэл дагуулав. Орон сууцны 1000 хүнд 200 хүүхдийн сургууль, 100 хүүхдийн цэцэрлэг барих барилгын норм мөрдөх журамтай. Орон сууцны хорооллууд сургууль, цэцэрлэг барих стандартаа мөрдөхгүй байгааг албаны хүмүүс онцлоод, одоо орон сууцны барилгын ажлын явц 50 хувьд хүрвэл зэрэгцээд цэцэрлэг, сургуулиа барих өөрчлөлтийг холбогдох дүрэм журамд оруулахаар ажиллаж байгаагаа албаны хүн дурдав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Гол дээр хог хаявал хэдэн төгрөгийн торгуультай байдаг юм? Нийслэлийн орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, Зөрчлийн тухай хуулиар зохицуулагддаг. Тамхи татвал 50 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай. Ерөнхий сайд, 50 мянган төгрөгийн торгуультай байхад хог хаялгүй яах вэ дээ, тийм ээ? 50 сая төгрөгийн торгуультай болох ёстой. Манайхан хууль дүрэм, журам дагахгүй их удлаа. Камерийн системээ ажиллуулж тамхины иш, хог хаясан, стандарт зөрчсөн бол торгуулийг нь нэм. Шаардлагатай бол Эрүүгийн хуульдаа өөрчлөлт оруул. Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын төлөвлөлт алдагдсаныг засаж залруулах ажлыг зохион байгуулалтад оруулаад явж байна. Амаргүй ажил. Гэхдээ иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ажлаа явуулна.Улаанбаатар хотод жилд дунджаар 60 мянган иргэн шилжин ирж байна.
Ерөнхий сайд, Орон сууцны хороолол барихдаа стандартын дагуу сургууль, цэцэрлэгээ бариагүй компаниудыг нийтэд зарла. Үгүй бол тусгай зөвшөөрлийг нь цуцал. Шаардлагатай хууль эрхзүйн өөрчлөлтөө УИХ, Засгийн газарт оруул. Намрын чуулганаар хууль эрхзүйн асуудлаа цэгцэлье. “Double standard” тогтоож болохгүй, тэгвэл хууль хэрэгжихгүй. Гаргасан хуулиа хэрэгжүүлдэг, хууль гаргахын өмнө сайн боддог байх хэрэгтэй. Сингапур улсад долоодугаар сард хийсэн айлчлалын үеэр Сингапурын Орон сууцны корпорацитай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тэгэхээр гэр хорооллын өнөөгийн байдалд бүтэн үнэлгээ хийгээд, дэд концепци гаргах хэрэгтэй. “Энэ хэсгийн айлууд орон сууцанд орох байлгүй, энэ хэсэг нь дэд бүтцэд холбогдох байлгүй” гэж урсгалаараа яваад байвал Гэр хорооллыг орон сууцжуулах та бүхний ажил шинээр үүсэж байгаа гэр хорооллын хурдыг гүйцэхгүй. Ийм байдлаар урсгалыг чөлөөтэй орхивол 15-20 жилийн дараа Улаанбаатар хотыг хэн ч өөрчилж чадахгүй. Тийм учраас одоо л хаалтаа тавиад ажлаа эхлэх хэрэгтэй. Ирээдүйн зорилго бол гэр хорооллын зарим хэсэг нь хаус хороолол болох, гэр хороололд ногоон байгууламж байгуулах замаар гэр хороолол маш тохилог хаус хороолол болох чиглэл рүү явах хэрэгтэй. Улаанбаатар руу орж ирж байгаа татварыг нэмж, орон нутаг руу явж байгаа иргэдэд тэтгэлэг өгөх ёстой гэлээ.