Монгол-Оросын хамтарсан “Сэлэнгэ 2022” цэргийн сургуулилалт энэ долоо хоногт Монгол улсын баруун хязгаар, Ховд аймгийн нутаг дэвсгэрт эхэлсэн билээ.

Уг ажиллагаанд оролцох ОХУ-ын зэвсэг, техникийн цуваа өнгөрсөн долоо хоногт манай улсын гол хот сууринуудыг дайран өнгөрсөн билээ.

Тэгвэл ОХУ-ын зэвсэгт хүчний Дорнод Цэргийн Тойргийн хэвлэлийн алба энэхүү сургуулилалтад хэчнээн хүн хүч, байлдааны техник оролцож байгаа талаар Пүрэв гарагт мэдээлэл өгчээ.

Нийтдээ 1,200 цэргийн алба хаагч, 300 орчим байлдааны техник оролцож буйг уг мэдээлэлдээ дурдсан байна.

“Сэлэнгэ 2022 ажиллагааны үеэр уулархаг болон цөлийн бүс нутагт, хот суурин газарт хууль бус зэвсэгт бүлэглэлийг устгах дадлага сургуулилалт хийх юм” гэж дээрх мэдэгдэлд өгүүлжээ. Монгол Улсын батлан хамгаалах яамны өгсөн мэдээллээр бол Сэлэнгэ 2022 наймдугаар сарын 15-ны өдөр хүртэл үргэлжлэх юм.

 

Эх сурвалж: interfax-russia.ru