Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга, Эрүүгийн цагдаагийн албаны даргын хамтран баталсан “Баян-Өлгий аймагт хяналт шалгалт хийх ажлын удирдамж”-ийн дагуу Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн байгууллагуудын тус байгууллагатай байгуулсан гэрээний үүргийн хэрэгжилт, цахим жор бичиж буй эмч нарын жор бичилт, эмийн сангуудын хөнгөлөлттэй эм олголтын үйл ажиллагаанд 2022 оны 07 дугаар сарын 18-25-ны өдрүүдэд хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Шалгалтын явцад хөнгөлөлттэй эмийн жор бичих эрх бүхий эмч нар нь амбулаторийн тусламж үйлчилгээ авсан иргэний хурууны хээг ашиглан олон удаагийн үйлдлээр хуурамч жор бичсэн мөн эмийн сангийн ажилчид нь ойр тойрны танил тал, хамаарал бүхий иргэдийн регистрийн дугаарыг ашиглан нэр бүхий эмч нараар мөн л хуурамч жор бичүүлсэн, үзүүлээгүй үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж улсад их хэмжээний хохирол учрууллаа. Мөн эмчийн бичсэн жорд хамаарах эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад байхгүй өөр эмээр орлуулан авах нөхцөлийг бүрдүүлж даатгуулагч-иргэдэд өгсөн зэрэг ноцтой зөрчлүүдийг илрүүллээ.

Хяналт, шалгалт үргэлжилж байгаа ба зөрчил бүхий Эрүүл мэндийн байгууллагуудад хяналт хийлгэх, хамтран ажиллах талаар Татварын Ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хүсэлт хүргүүлээд байна.