Эрдэнэт үйлдвэрийн хамт олон өнгөрсөн 7 дугаар сар болон оны эхний долоон сарын үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтүүдээ 100-аас дээш хувиар биелүүллээ. Уурхайчид өнгөрсөн 7 дугаар сард 2 сая 932 мянган тонн хүдэр олборлосон бол оны эхнээс нийт 19 сая 822 мянган тонн олборлолт хийсэн байна. Ингэснээр хүдэр олборлолтын төлөвлөгөө оны эхнээс 101.8 хувиар, өнгөрөгч 7 дугаар сард 104.3 хувиар биеллээ. Энэ хугацаанд уулын цул гаргалтын төлөвлөгөө 101.1-102.1 хувиар, хөрс хуулалт 100.5-100.01 хувиар биелсэн байна. Оны эхнээс нийт 321960 тууш метр өрөмдлөг хийснээс 44600 тууш метрийг өнгөрсөн 7 дугаар сард гүйцэтгэж, төлөвлөгөөг 100.5 хувиар биелүүлээд байна.
Баяжуулагчид өнгөрсөн 7 дугаар сард 2 сая 660 мянган тонн хүдэр боловсруулж, оны эхний долоон сарын байдлаар нийт 18 сая 213 мянган тонн хүдэр боловсруулжээ. Тус гүйцэтгэлийн үр дүнд оны эхний долоон сарын төлөвлөгөө 101.9 хувиар, өнгөрсөн 7 дугаар сарын төлөвлөгөө 107.4 хувьд хүрсэн байна. Өнгөрөгч сард хүдэр дэх зэсийн агуулгын төлөвлөгөө 101.3 хувь, молибдены агуулгын төлөвлөгөө 112.7 хувиар, оны эхнээс зэсийнх 100.6 хувь, молибденых 109.4 хувиар тус тус биелэв. Баяжмал гаргалтын төлөвлөгөөний биелэлтийг харвал, оны эхнээс зэсийн баяжмал гаргалт 102.8 хувиар, молибдены баяжмал гаргалт 109.7 хувиар, өнгөрөгч 7 дугаар сард зэсийн баяжмал гаргалт 109.4 хувь, молибдены баяжмал гаргалтын үзүүлэлт 138.3 хувиар биелсэн дүн гарчээ. 2022 оны эхний долоон сарын байдлаар тус үйлдвэр нийт 347784 тонн зэсийн баяжмал, 2695.89 тонн молибдены баяжмал ачуулсан бол өнгөрсөн 7 дугаар сард 44358 тонн зэсийн баяжмал, 427 тонн молибдены баяжмал тус тус ачуулж, экспортод гаргаад байна. Ачигдсан баяжмалын чанарын төлөвлөгөө оны эхнээс 101.5-105.2 хувь, өнгөрсөн сард 101.32-106.8 хувиар тус тус биеллээ. Ийнхүү Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид оны эхний долоон сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөт үзүүлэлтээ 100-аас дээш хувиар биелүүлсэн амжилтаар шинэ сарын ажилдаа орж буйг Үйлдвэрлэлийн хэлтсээс мэдээлэв.