Дэлхийн Банкны Макро эдийн засаг, засаглал, санхүү, ядуурал хариуцсан Ази номхон далайн бүсийн захирал Хассан Заман тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна.

ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон холбогдох албаныхан төлөөлөгчидтэй уулзаж нийгмийн хамгаалал, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг асуудлын хүрээнд хэрэгжүүлж буй бодлого чиглэлийн талаар санал солилцжээ.

Энэ үеэр Дэлхийн банк, Үндэсний статистикийн хороо хамтран хоёр жил тутамд зарладаг Ядуурлын судалгааны ээлжит бүрэн гүнзгийрүүлсэн танилцуулгыг олон нийтэд тархаахад бэлэн болсон тухай танилцуулсан байна. Танилцуулгад 2020 оны Ядуурлын дүр төрхийг харуулсан, 2018 оноос 0.6 пунктээр буурсан, халамжийн үйлчилгээний 60 хувь нь хүн амын ядуу бус бүлэгт зарцуулагдаж байгааг онцолжээ.

Халамжийн бодлогын хамгийн том үйлчилгээ бол хүүхдийн мөнгө. 2021 онд ДНБ-ийн 3.1 хувийг дан ганц хүүхдийн мөнгөнд зарцуулсан нь бүсийн хэмжээнд хамгийн өндөр халамжийн хувь хэмжээ. Төсвийн маш өндөр ачаалал. Өрхийн амьжиргааны дээд бүлгийн 30-40 хувийг хасах бодлогын хувилбаруудыг яаралтай авч хэлэлцэх зөвлөмж өгсөн байна.

Ковид болон эдийн засгийн хүндрэлийн үед хүүхдийн мөнгөөр дамжиж айл өрх болгонд хүрсэн халамжийн бодлогыг цаашид зорилтот бүлэг рүү чиглүүлэх нь чухал ач холбогдолтой. Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж нэмэх, мөн хөгжлийн хөрөнгө оруулалтын төсвийн орон зай гаргаж чадах эсэх нь үүнээс хамаарч байгааг төлөөлөгчид онцолжээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын зүгээс, тэр дундаа хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал болоод нийгмийн даатгалын өнөөгийн нөхцөл байдал цаашид хэрхэн шинэчлэх, сайжруулах талаар бодлогын төлөвлөгөө, мэдээлэл өглөө.

Манай улсад Дэлхийн Банкны Төсөв Санхүүгийн Тогтвортой Байдлыг Бэхжүүлэх төслийн хүрээнд Нийгмийн халамжийн болон нийгмийн даатгалын бодлого боловсруулах, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах чиглэлээр техник туслалцааны дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Нийгмийн халамжийн олон хөтөлбөрүүдийг нэгтгэх, нийгмийн халамжийн үр өгөөжийн тэгш байдлыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн Нийгмийн халамжийн хууль тогтоомжийн шинэчлэлийг хийх, Нийгмийн даатгалын бодлогын шинэчлэл хийх, нийгмийн даатгалын засаглал, санхүүгийн менежментийг сайжруулах, тэтгэврийн тогтолцооны шударга байдлыг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран дэмжиж ажилладаг юм.