Сүхбаатар дүүрэг цэцэрлэгийн насны 12 мянга 243 хүүхэдтэйгээс 11297 хүүхдийг энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамруулах тооцоолол гаргаад байна. Ингээд тооцоход 946 хүүхэд гэртээ үлдэхээр байгаа юм.
Ажлын хэсэг тус дүүрэгт ажиллах үеэрээ хуучнаар барилгачдын сувилал болох 18 өрөө бүхий 1500м2 обьектийг бүхлээр нь түрээсэлж цэцэрлэгийн зориулалтад нийцүүлэн тохижуулахаар боллоо. Ингэснээр Хангай хотхон орчмын айл өрхүүдийн хүүхдүүд хамрагдах боломжтой болж байна.
Мөн үүнээс гадна иргэн аж ахуйн нэгжээс санал болгож байгаа хоёр ч барилгыг холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөлтэй хамтран үзэж цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх эсэх шийдвэр гаргахаар тогтож байна. Сүхбаатар дүүргийн холбогдох удирдлагууд 9 дүгээр сарын 1 гэхэд цэцэрлэгт хамрагдалт 100 хувьд хүрнэ гэж урьдчилсан байдлаар тооцож байна.
Эх сурвалж: БШУЯ