2000 оноос хойш видео тоглоомын тэмцээн уралдаан зохиож эхэлсэн ESL буюу "Electronic Sports League" компаниас Dota 2-ын "ESL One Malaysia 2022" тэмцээнийг наймдугаар сарын 23-28-ны хооронд явуулна.

400 мянган ам.долларын шагналын сантай тэмцээний нээлттэй урьдчилсан шатны тоглолтууд Сингапур сервер дээр онлайн хэлбэрээр болж байна.

Тус сонгон шалгаруулалтад Монголын "Team Lilgun" оролцож байгаа бөгөөд өчигдөр Малайзын "Team Orca", Филиппиний "NerdRig" багуудыг хожиж хагас шигшээд шалгарлаа.

Тэд хагас шигшээд Хонконгийн "Talon Esports" багтай өнөөдөр 18:00 цагаас тоглох бөгөөд хэн түрүүлж өрсөлдөгчөө хоёр хожсон нь урьдчилсан шатны дараагийн шат руу шалгарах юм.

Дараагийн шат буюу "Closed Qualifier"-д Индонезын "BOOM Esports", Сингапурын "RSG", Филиппиний "T1", "Polaris Esports", Малайзын "Team SMG" зэрэг багууд хүлээж байна. Тус шатнаас ердөө нэг баг Зүүн Өмнөд Азийг төлөөлөн "ESL One Malaysia 2022" тэмцээнд оролцох эрхтэй болно.

Одоогоор "ESL One Malaysia 2022" тэмцээнд "OG", "Fnatic", "Alliance", "Team Liquid", "Team Secret", "Nigma Galaxy" багууд уригдаад байна. Нийт 12 баг оролцох ёстой ба дахин нэг баг урилгаар, Хятад, Европ, Зүүн Өмнөд Ази, Умард Америк, Өмнөд Америкийн бүсүүдийн урьдчилсан шатнаас тус бүр нэг баг шалгарч оролцоно.

"Team Lilgun" баг Dota 2-ын хамгийн том лиг болох "DPC"-ийн хоёрдугаар зиндаанд үзүүрлэж ирэх жил дээд зиндаанд дэвшин тоглохоор болоод байсан билээ.