Системийн нөлөө бүхий, томоохон банкууд сүүлийн хоёр сард зээл олголтоо хумисан. Банкууд  цахимаар болон интернет банкаар хүсэлт илгээсэн нөхцөлд цалингийн, тэтгэврийн, хадгаламж барьцаалсан зээлийг хэвийн олгож байна. Мөн Голомт банк бүх төрлийн зээлийг хэвийн олгож байна гэсэн бол ХААН банк дараах зээлүүдийг хэвийн олгож байгаа гэв. •    Ипотекийн зээл (Төв банкны санхүүжилтээр) •    Онлайн цалингийн зээл •    Хадгаламж барьцаалсан зээл •    Тэтгэврийн зээл •    Малчны зээл •    BS үнэлгээтэйгээр шийдвэрлэгдэх бизнесийн зээл /Шинэ харилцагч бусад банкны харилцагчийг татахгүй/ •    BS үнэлгээтэйгээр шийдвэрлэх хэрэглээний зээл •    "Оюутолгой"-н ханган нийлүүлэгчдэд зориулсан, авлага барьцаалсан зээл •    Бизнес дэмжих зээлийн шугам /Посын орлого барьцаалсан зээл/

Арилжааны банкууд ногоон зээл (олон улсын санхүүгийн байгууллагуудаас санхүүжилттэй), Засгийн газраас эх үүсвэрийг нь шийдсэн ипотекийн зээлийг хэвийн олгож байна.   

ОХУ-Украины хямрал, ам.долларын үнийн өсөлтийн улмаас эрсдэлийг хянахын тулд томоохон арилжааны банкууд энэ сарыг дуустал бизнесийн зээл гаргахгүй.       

Энэ талаар Төв банкнаас тодруулахад “Банкуудын зээл олгох, эсэх нь тухайн банкны дотоод үйл ажиллагаанд хамаарах асуудал. Монголбанкнаас зээл олго, зээлээ зогсоо гэх агуулгаар ямар нэг чиглэл өгөх, тушаал шийдвэр гаргах боломжгүй, хуулиар хориотой” гэв.

Энэ онд багтаан манай улсын томоохон таван банк IPO хийж, хувьцаат компанийн статустай болно. Үүний тулд Төв банкнаас системийн нөлөө бүхий банкуудад активын чанарын хяналт шалгалт хийж эхэлсэн. Зээл олголт удааширсан нь энэхүү хяналт шалгалттай холбоогүй гэв.      

Тавдугаар сарын байдлаар чанаргүй зээлийн нийт хэмжээ 2.1 их наяд төгрөгбайв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 94 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм.

Чанаргүй зээлийн 1.6 их наяд төгрөг нь хувийн байгууллагуудад, 469 тэрбум төгрөг нь иргэдийн авсан зээл байна. Ангиллаар нь харвал

  • Хэвийн бус зээл 407 тэрбум төгрөг,
  • Эргэлзээтэй зээл 393 тэрбум төгрөг,
  • Муу зээл 1.3 их наяд төгрөг байна.

Салбараар нь харвал

  • Боловсруулах үйлдвэрүүдийн муу зээл 344 тэрбум
  • Уул уурхайн салбарын муу зээл 217 тэрбум
  • Барилгын салбарын муу зээл 173 тэрбум төгрөг буюу дийлэнхийг эзэлжээ.  

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо