УИХ-ын чуулганы 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан.
Тэрбээр, "Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулж, Байнгын хорооны 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа нам, эвслийн бүлэг, Байнгын, дэд, түр хороо болон хууль санаачлагчийн саналыг үндэслэн боловсруулах хуулийн зохицуулалттай тул Байнгын хороодоос 69, Улсын Их Хурлын гишүүдээс 8, Засгийн газраас 118, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгээс 58 санал тус тус ирсэн бөгөөд давхардсан тоогоор нийт 252 хууль тогтоомжийн төслийн санал ирсэн болно.
"Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулахдаа:
- “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолд туссан төслүүд;
- “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолд заасан 2022, 2023 онд хэлэлцэх хуулийн төслүүд;
- “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай" Улсын Их Хурлын 2021 онькЮб дугаар тоггоолоор баталсан нэн яаралтай хэлэлцэх болон өргөн мэдүүлэх хуулийн төслүүд;
- “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоолд заасан 2022 онд хэлэлцэх хууль, тогтоолын төслүүд болон хуулиар тусгайлан заасан хугацаатай 64 асуудлыг хэлэлцэхээр тусгалаа.
Мөн хэлэлцүүлгийн шатанд байгаа болон хууль санаачлах эрх бүхий субьектүүдээс өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулах асуудлыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэхээр заасан.
"Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь дэмжсэн болно гэлээ.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тогтоолыг баталж, УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлснээр /УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг эндээс уншина уу/ Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган хаалаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулган хуулийн дагуу ажлын 80 хоног хуралдаж, бие даасан 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 314, хууль хүчингүй болсонд тооцох тухай 8, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай 3, нийт 341 хууль, 44 тогтоол баталснаар ийнхүү өндөрлөж байгааг онцлоод, Монголынхоо нийт ард түмэнд, дэлхий даяар тархан суугаа монголчууддаа Ардын хувьсгалын 100, 101 жил, Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.