УИХ-ын чуулганы 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Монгол Улсын Их Хурал 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсын Үндсэн хууль, Монгол УИХ-ын тухай болон Монгол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох зорилгоор “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоол баталсан билээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд орох хүсэлтээ ирүүлснийг Эдийн засгийн байнгын хороо 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн хэмээн УИХ-ын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.
Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх явцад Байнгын хорооны гишүүдээс санал гаргаагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны саналаар тогтоолыг эцэслэн баталлаа.