Тагнуулын ерөнхий газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж иргэн Ч.Мөнхбаярыг гадаадын тагнуулын байгууллагын санхүүжилтээр үүрэг, даалгавар гүйцэтгэсэн. Гэрт нь нэгжлэг хийх явцад зохих хэмжээний валют, баримт сэлт илэрсэн тул хойшлуулшгүй ажиллагаа явуулан саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж мэдээлсэн.
Улмаар Нийслэлийн Прокурорын газраас иргэн Ч.Мөнхбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Прокурорын байгууллагаас хэргийг шалгаж дуусаад Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тус шүүхэд энэ сарын 28-ны өдөр болсон шүүх хуралдаанаар иргэн Ч.Мөнхбаярыг гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
1. Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан; гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар