Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 90 хувийн ирцтэйгээр эхэлсэн. Өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлт, коронавируст халдварын үед авч буй хариу арга хэмжээ болон 2022 онд хийж хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажил зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ.
Нэгдүгээр сарын 17-нд нийт 27 үүрэг даалгавар өгч, биелэлтийг дараагийн зөвлөгөөнөөр хэлэлцхээр болсон. Үүнээс 20 нь хэрэгжиж дуусан бол үлдсэн 7 ажил хэрэгжилтийн шатанд явж байна. Зөвлөгөөнөөр 18,28 дугаар хороо энэ онд хийх ажлаа танилцуулсан.
Тухайлбал 28 дугаар хороо цахим хороо болох зорилт дэвшүүлсэн, иргэдээ сонсох, өргөдөл гомдлыг шуурхай шийдвэрлэх үүднээс тодорхой зохион байгуулахаар төлөвлөөд байна. Харин 18 дугаар хороо үнэ төлбөргүй хуулийн зөвлөгөө иргэддээ үзүүлэх, эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулах зөвлөгөө өгөх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөсөн юм.
Үүний дараа коронавируст халдварын үед авч буй хариу арга хэмжээ, дархлаажуулалтын мэдээллийг Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга танилцуулсан. Хамрагдмал зохих нийт хүн амын 92.6 хувь нь буюу 238378 иргэн нэгдүгээр тунд, 238982 хүн хоёрдугаар тунд, 130342 хүн гуравдугаар тунд, 4.3 хувь нь буюу 9818 иргэн дөрөвдүгээр тундаа хамрагдаад байна.
Баянзүрх дүүрэг 2022 оныг Хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын жил болгож зарласан. Энэ хүрээнд улс, нийслэлийн төсвөөр 186 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон. Зарим ажлаас дурдвал 660 гарааш чөлөөлж иргэдтэй зөвшилцөж шаардлагатай тохижилт хийнэ.9 хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах, IGM, Extreme талбай зэрэг томоохон төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөөд байна.
Шуурхай зөвлөгөөнөөр сар шинийн баярыг угтсан цэвэрлэгээг үр дүнтэй зохион байгуулах, иргэд аж ахуй нэгжийг идэвхтэй хамруулах шаардлагатай талаар онцолсон. Өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг дараагийн хурлаар хэлэлцэж дүгнэлт хийнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.