Сар шинийн босгон дээр ахмад буурлуудаа эргэн, сургааль номыг нь сонсдог уламжлалтай. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн 100-108 насны 12 буурайд зочилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээ, гарын бэлгийг уламжлан санал хүсэлтийг нь сонсож ярилцсан юм.

 

Энэ үеэр 102 настай Р.Риймаа гуай “Хөдөлгөөн хүнд их тустай юм байна. Би залуу наснаасаа эхлэн зүгээр суудаггүй байсан. Одоо ч гүйж л байна” гэсэн бол 103 настай Н.Нордов гуайн охин 76 настай Т.Энхтуяа “Ээжийн минь үс миний буурал үсний хажууд тас хар. Би их гайхдаг юм. Бага насаа Хөвсгөлд өнгөрүүлсэн болохоор тийм юм болов уу гэж боддог” хэмээн сонирхуулж байлаа.

 
Монгол Улсын Ерөнхийлөгч Билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Цагаан сарын баярыг тохиолдуулан 100 ба түүнээс дээш настай ахмад настанд жил бүр мэндчилгээ, гарын бэлэг гардуулдаг уламжлалын дагуу энэ жилийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.