Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож буй. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/, Нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар хамтран “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг зургаа дахь жилдээ зохион байгууллаа.

ЮНЕСКО-гоос сэтгүүл зүй, сэтгүүлчдийг цахим халдлагаас чөлөөлөх нь дэлхий нийтийн хамтын, хамгийн том асуудал болсныг зарласан юм. Тиймээс энэ жил тус өдрийг олон улсад “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Форумын нээлтийн үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа “Сэтгүүл зүйн хүч сулрахын хэрээр нийгмийн сүлжээн дэх мэдээллийн эмх цэгцгүй байдал нийгэмд хар бараан өнцгийг дагуулж байна. Тиймээс нийгмийн сайн сайхны төлөө төр засгаас сэтгүүл зүйн салбарыг дэмжин ажиллах хэрэгтэй” байгааг онцолж байлаа.

Техник технологи хөгжиж, хүн бүр мэдээллийг түгээх, хүлээн авах боломж бүрдсэнээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд илүү мэргэжлийн байх сорилт тулгарч буй. Мөн сүүлийн хоёр жилд цар тахлын үр дагавар хэвлэл мэдээллийн зах зээлд ч нөлөөлөн, дэлхий дахинд хэвлэл мэдээллийн орлого 50 хувиар буурч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 70 гаруй хувь нь үйл ажиллагаагаа түр зогсоожээ. Иймээс “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум энэ удаад дээрх асуудлуудыг хөндөн хэлэлцсэн юм. Түүнчлэн арга хэмжээнд МСНЭ-ийн 21 аймгийн салбар зөвлөлийн дарга нар болон нийслэлийн 500 гаруй сэтгүүлч оролцлоо.

Нийслэлийн Засаг даргын Цахим хөгжил, хууль, эрх зүй, төрийн үйлчилгээний асуудал хариуцсан орлогч Р.Дагва “Эх сурвалжаа хамгаалах, нийгмийн сайн сайхныг чухалчлан үзэх, хүн чанар, шударга ёсыг эрхэмлэх зэрэг нь сэтгүүл зүйн оршин тогтнох үндэс, сэтгүүлч та бүхний нэр хүндийн баталгаа болох учиртай. Улаанбаатар хоттой холбоотой үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй шуурхай хүргэх, нийслэлийн хөгжил дэвшил, Улаанбаатар хотын иргэдийн амар тайван амьдрах боломжийн төлөө хамтран ажилладаг та бүхэнд гүнээ талархъя” хэмээн мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Мөн Монголын радио, телевизийн зохицуулалтын өнөөгийн байдал, Орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, Уламжлалт хэвлэлийн зах зээлийн байдал, цаашдын хандлага сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө.

 

Эх сурвалж: Нийслэлийн сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар