Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Шведийн Хаант Улсын нийслэл Стокхольм хотод ажиллаж, тус улсын холбогдох албан тушаалтнуудтай уулзлаа.

Швед улсын нутаг дэвсгэрийн 68 хувь нь ойгоор бүрхэгдсэн бөгөөд нийт ойн сангийн 17 хувь нь улсын, 83 хувь нь хувийн хэвшил болон бусад хэлбэрийн эзэмшилд байна. Ойн салбар нь ДНБ-ий хоёр хувь, экспортын орлогын 10 хувийг бүрдүүлдэг юм.

Тус улсын ойн салбарын бодлого зохицуулалтыг Аж ахуйн нэгж, инновацын яамны харьяа Ойн агентлаг хариуцаж байна. Тухайлбал, тус агентлагаас ойн салбарын мэдээллийн нэгдсэн цахим санг хөгжүүлж, түүгээр дамжуулан улсын хэмжээнд ойжуулалт, ойн менежментэд хяналт тавин ажилладаг юм.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Швед улсын Байгаль орчны дэд сайд Андерс Гронволл, Аж ахуйн нэгж, инновацын яамны Ой, байгаль орчин болон судалгааны газрын дарга Аннелие Стиглунд нартай уулзаж, ойн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцов.

Мөн Ойн агентлагийн хэлтсийн дарга Магнус Виклунд, бодлогын ахлах зөвлөх Петер Бломбак нартай уулзах үеэрээ ойн салбарын мэдээллийн цахим сангийн хөгжүүлэлт нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд чухал судлагдахуун болно гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Талууд мод үржүүлэг, тарилт болон механикжуулалтын шинэ технологи, инновацыг Монголд нэвтрүүлэх, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг чиглэлд санаачилгатай ажиллах талаар санал нэгдлээ.