УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа. Энэ үеэр  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа ипотекийн зээлийг орон нутагт гурван хувь болгоно гэж мэдэгдлээ. Тэрбээр “Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын тархалт 2022 он гарснаар эргэн идэвхжжиж, үүнтэй зэрэгцэн ОХУ болон Украины хооронд нөхцөл байдал хүндэрсэн нь Монгол Улсын эдийн засаг, хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөлж байгаа тул 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна.

Тиймээс Төрийн хэмнэлтийн тухай хуульд төсвийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд заавал дагаж мөрдөх хязгаарлалтуудыг хуульчилсан. Мөн Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомстол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн ажлын байрыг хамгаалах, нийгмийн баталгааг сайжруулах, цэцэрлэгийн хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдэхээр болсон.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд хувийн цэцэрлэгт олгох хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, 2022-2023 оны хичээлийн жилд хүүхэд сугалаагаар цэцэрлэгт элсдэг явдлыг зогсооно.

2022 оны 5-12 сард 1 сая төгрөг болон түүнээс доош цалинтай хүмүүс нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцсан даатгуулагчийг шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрхзүйн зохицуулалтыг бий болгоно.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосыг 2022 он дуустал хугацаанд импортын гаалийн албан татвараас чөлөөлнө. Төрийн өмчит компаниудын бүтцийн өөрчлөлтийг хийнэ.

Мөн хот, хөдөөгийн тэнцвэрт байдлыг хангаж, нийслэлийн төвлөрлийг сааруулах хүрээнд татварын ялгавартай бодлогоор хөдөө орон нутагт бизнес эрхлэгч, хувь хүн, ААН-үүдийг дэмжиж ажиллах зохицуулалтыг тусгасан. Энэ хүрээнд гурван хувийн ипотекийн зээлийг урьдчилгааг таатай нөхцлөөр олгож хөдөө орон нутагт бизнес эрхлэх эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээл, татварын ялгаатай бодлогоор дэмжинэ” гэлээ.