Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт "Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай" болон "Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай" хуулийн төслүүдийг өргөн барив.
Тариалангийн талбайд мал сүрэг олноор орсноор ургацад их, бага хэмжээний хохирол учруулж, малчид, тариаланчдын хооронд зөрчил үүсдэг. Тиймээс тариалангийн бүс нутагт малын тоо толгойд ногдуулах албан татварын хэмжээг бусад бүс нутгаас өөрөөр тогтоох шаардлага үүссэн учир Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт оруулахаар болжээ.
Харин зохицуулах үйлчлэлтэй хүнсний талаар нэгдмэл ойлголтод хүрч, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах үүднээс энэ төрлийн хүнсний судалгаа шинжилгээ, баталгаажуулалт, үйлдвэрлэл, худалдаанд тавигдах шаардлага, баримтлах зарчмыг тодорхойлж, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тогтоосон зохицуулалтыг бий болгох шаардлага зүй ёсоор урган гарч буй тул Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай хуулийн төслийг боловсруулсан байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ