Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.04.14/ Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

УИХ-аас 2017 баталсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь 17 бүлэг, 255 зүйл, 1*058 хэсэг, 908 заалттай бөгөөд тус хуулийн тусгай ангид нийт 2,300 орчим үйлдлийг зөрчилд тооцож,  зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах зохицуулалттай байна.

Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас 7,334,349 зөрчилд  шийтгэл оногдуулжээ. 

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтаар нь үзвэл 6,696,529 буюу 93.0 хувь нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 257,071 буюу 3.5 хувь нь олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, 18,238 буюу 0.2 хувь нь худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих, 30,406 буюу 0.4 хувь нь  гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих, 14,715 буюу 4.4 хувь нь танхайрах, 2,681 буюу 0.03 хувь нь тамхины хяналтын тухай хууль зөрчих, 280,907 буюу 3.8 хувь нь бусад төрлийн зөрчил эзэлж байна.

Ийнхүү цагдаагийн байгууллагын  шалган шийдвэрлэж байгаа зөрчлийн дийлэнх хувийг эзэлж байгаа Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай зөрчих зөрчлийн шийтгэлийг оновчтой тогтоох, бусад оронд хэрэгжиж байгаа эрх зүйн оновчтой зохицуулалтыг судалж хэрэгжүүлэх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хувилбараар авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас  ирүүлсэн мэдээллээр хууль хүчин төгөлдөр үйлчлэх хугацаанд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан гүйцэтгэх баримт бичгийн бодит биелэлт сүүлийн 3 жилийн дунджаар 81 хувь байгаа боловч, мөнгөн дүнгийн биелэлт 45 хувь байна. Торгох шийтгэлийн үр нөлөө, биелэлт хангалтгүй, шийтгэлийн шинэ арга механизм, оновчтой хувилбарыг бий болгох зайлшгүй шаардлага байгааг дээрх тоон үзүүлэлт харуулж байна.

Тус хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэгтэй 267 зүйл, 1182 хэсэг, 429 заалттай.

Нэгдүгээр бүлэг буюу нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилго, зарчим, хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацаа, хөөн хэлэлцэх хугацааг

Хоёрдугаар бүлэгт зөрчил, зөрчил хамтран үйлдэх, зөрчил үйлдсэн хугацаа, газрын талаар

Гуравдугаар бүлэгт шийтгэл оногдуулах үндэслэл, шийтгэл хүлээх хүн, хуулийн этгээд, шийтгэлийн төрөл, шийтгэл оногдуулахгүй байх үндэслэл, шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэл,  зөрчлийн улмаас бий болсон хор уршгийг арилгах, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигчид шийтгэл оногдуулах зохицуулалтын талаар

Дөрөвдүгээр бүлэгт албадлагын арга хэмжээний талаар буюу хөрөнгө, орлогыг хураах, шилжүүлэх, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах, хохирол, нөхөн төлбөр гаргуулах, албадан эмчлэх болон албан сургалтын талаар

Тавдугаар бүлэгт нийтийн хэв журам, ёс суртахуун, өмчлөх эрх, олон нийтийн аюулгүй байдлын эсрэг зөрчлийн талаар

Зургаадугаар бүлэгт хүн амын эрүүл мэнд, хүнс, эрүүл ахуйн журмын эсрэг зөрчлийн талаар

Долоодугаар бүлэгт нийтийн зориулалттай өмч, хүрээлэн байгаа орчны эсрэг зөрчил

Наймдугаар бүлэгт боловсрол, соёл, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил

Есдүгээр бүлэгт хэрэглэгч, аж ахуйн үйл ажиллагааны журмын эсрэг зөрчил

Аравдугаар бүлэгт үнэт цаас, банк, санхүү, гааль, татвар, мэргэжлийн хяналт, даатгалын журмын эсрэг зөрчлийг

Арван нэгдүгээр бүлэгт барилга, үйлдвэрлэл, эрчим хүчний журмын эсрэг зөрчлийг

Арван хоёрдугаар бүлэгт хөдөө аж ахуй, газар тариалангийн талаар тогтоосон журмын эсрэг зөрчлийг

Арван гуравдугаар бүлэгт мэдээлэл, харилцаа холбооны журмын эсрэг зөрчлийг

Арван дөрөвдүгээр бүлэгт тээвэр, тээврийн хэрэгслийн ашиглалт, хөдөлгөөний аюулгүй байдлын журмын эсрэг зөрчлийг

Арван тавдугаар бүлэгт төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааны эсрэг зөрчлийг

Арван зургадугаар бүлэгт улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг зөрчлийг тус тус тусгаж шинэчлэн найруулжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

Монгол Улсын Их Хурлаас Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баталж 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталж, 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Өнөөдрийн байдлаар зөрчил шалган шийдвэрлэх чиг үүргийг 31 байгууллагын 216 нэгжид харьяалагдах 10,011 эрх бүхий албан тушаалтан хэрэгжүүлж байгаа бол Улсын ерөнхий прокурорын газарт зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих бие даасан хэлтэс ажиллаж, улсын хэмжээнд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаанд тавих хяналтын ажлыг дагнан хариуцсан 68 хяналтын болон ахлах  прокурор ажиллаж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуультай болсноор зөрчил шалгах ажиллагааг нэгдсэн стандартаар хэрэгжүүлэх боломж бүрдсэн хэдий ч шат дамжлага их, хуулийн зарим заалт тодорхойгүй байгаас хэрэглэхэд хүндрэл учирдаг, шүүхийн ялгаатай журмаас шалтгаалан иргэн, хуулийн этгээдийн хүлээх эрх, үүрэг тодорхойгүй зэрэг нийтлэг бэрхшээл үүссэн байна.

Түүнчлэн Монгол Улсад зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа эрх бүхий албан тушаалтны 60-70 хувь нь хуульч бус бусад салбарын мэргэжилтнүүд байгаа тул зөрчил шалгах зарим тодорхой ажиллагаанд мөрдөх журмыг илүү ойлгомжтой болгох шаардлага тулгарчээ.

Монгол Улсын Үндсэн хуульд  заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журам, арга хэрэгслээр хэрэгжүүлэх, тус ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах зорилгоор Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулсан байна.

Хуулийн төсөлд зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлтүүдийг тусгажээ. Тухайлбал, экологийн асуудал хариуцсан цагдаагийн алба хаагч  байгаль орчинтой холбоотой тодорхой төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх, мөн оюуны өмчийн бүтээлийг улсын хилээр нэвтрүүлэхтэй холбоотой зөрчлийг Гаалийн хяналтын улсын байцаагч давхар харьяалан шийдвэрлэх боломжтой байдлаар нэмэлтийг тусгасан байна.

Түүнчлэн зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах торгох шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлийг шалгаж тогтоох, мөн оногдуулсан торгох шийтгэлийн  биелэлтийг харгалзан торгуулийг хөнгөрүүлж, гүйцэтгэлийг хангуулах эрх бүхий албан тушаалтны шийдвэр гаргах журмыг шинээр тусгажээ.

Мөн цахим хэлбэрээр зөрчлийг бүртгэх, дугаар олгох, шалгах, шийдвэрлэх талаар шинэлэг зохицуулалт тусгасан. Энэ нь тухайн зөрчлийг орон зайнаас үл хамааран, шуурхай, зөрчил шалгах бүхий л зардлыг хэмнэсэн, цар тахлын нөхцөл байдлаас үл хамааран хууль хэрэгжих нөхцөл боломжийг бүрдүүлсэн.

Түүнчлэн шийтгэл оногдуулсан шийдвэр, шийтгэлээс чөлөөлөх шийдвэрийн хуудсыг цахим хэлбэрээр хүргүүлж, оногдуулж байх зэрэг хууль зүйн үндэслэлүүдийг нээлттэй зохицуулахаар заажээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.