Мягмар гарагийн өглөө Нью-Йорк хотын метроны өртөөнд зэвсэгт этгээд халдлага үйлдсэний улмаас олон хүн шархаджээ.
Хорт утааны баг зүүсэн этгээд өглөөний ид ачааллын үеэр Брүүклин дүүргийн 36 дугаар гудамжны өртөөнд савтай хий цацаж, хүмүүс рүү буудаж эхэлсэн байна.
Халдлагын үеэр 16 хүн шархадсаны тавынх нь шарх ноцтой болохыг албаныхан мэдээлжээ.
Цагдаа нар халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Зэвсэгт халдлагыг одоогоор “терроризм” ангилалд оруулаагүй байгаа ч “ямар ч зорилготой байж болох”-ыг Нью-Йорк хотын цагдаагийн газрын комиссар Кичант Севелл мэдэгджээ.
Гэмт этгээд буудаж эхлэхээсээ өмнө утаа тавьсан гэж мөрдөн байцаагчид дүгнэсэн байна. Харин тэсрэх бодис хэрэглэсэн гэх баримт олдоогүй гэнэ.
Халдлага гарсан өртөө нь испани хэлтэн, Ази гаралтай иргэдийн голлон суудаг дүүрэгт оршдог юм байна.
Болсон явдлын талаар АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, ерөнхий прокурор Меррик Гарланд, Нью-Йорк мужийн захирагч Кэти Хочул нарт мэдээлэл өгсөн тухай албаныхан мэдэгджээ.
Нью-Йорк хотод сүүлийн саруудад ноцтой гэмт хэргийн гаралт өсөх болсон юм. Ялангуяа метроны өртөөнүүдэд гарах гэмт хэрэг нэмэгдэж байгаа. Тухайлбал өнгөрсөн нэгдүгээр сард нэг этгээд зорчигч эмэгтэйг ирж буй галт тэрэгний зам руу түлхэн унагаж, амийг нь бүрэлгэж байв.
Албан тушаалаа аваад 100 гаруй хоног өнгөрч байгаа Нью-Йорк хотын дарга Эрик Адамс гэмт хэргийг, ялангуяа метронд гардаг гэмт хэргийн тоог бууруулах амлалт аваад ажиллаж байгаа. Амлалтынхаа хүрээнд тэр метроны өртөөнүүдэд ажиллах эргүүлийн цагдаагийн тоог нэмэгдүүлсэн юм.
Өчигдрийн халдлагын үеэр тухайн өртөөнд эргүүлийн цагдаа байсан эсэх нь мэдэгдээгүй байна.
“Нью-Йорк хотын ганц ч оршин суугчийг терроризмын хохирогч болгохыг бид зөвшөөрөхгүй” гэж Адамс тусгаарлах байрнаас хийсэн видео мэдэгдэлдээ өгүүлжээ. Тэрбээр коронавирусийн халдвар аваад Ням гарагаас эхлэн тусгаарлалтад байгаа юм.
Эх сурвалж: Associated Press