УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм.

Ажлын хэсгийн гишүүд Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаатай танилцах, шинээр улсын тусгай хамгаалалтад авах газар нутагтай танилцах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах чиг үүргийг хэрэгжүүлж ажиллаж байна.

 

Энэ хүрээнд ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг энэ сарын 09-ний өдөр Дундговь аймагт ажиллалаа.

Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг 25 хувь хүргэх зорилт тавьсан.

Мөн “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлалд 2030 онд нийт нутгийн 30, 2040 онд 33, 2050 онд 35 хувьд хүрэх зорилт тавьсан бөгөөд ингэснээр 8.7 тэрбум ам.доллартой тэнцэх хэмжээний үр өгөөж алдагдахаас урьдчилан сэргийлнэ гэж тооцжээ. Ингэхдээ ашиглахаас илүүтэй хамгаалах чиглэлийг баримталж, жилд дунджаар нэг хувиар өсгөж тооцоход 1.5 сая га талбайг тусгай хамгаалалтад авна.

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 13.8 сая га талбай бүхий дархан цаазат газар 22, 13.2 сая га талбай бүхий байгалийн цогцолборт газар 36, 5.7 сая га бүхий байгалийн нөөц газар 48, 0.1 сая га газар бүхий дурсгалт газар 14 зэрэг нийт 120 газар, 32.8 сая га газрыг тусгай хамгаалалтад авсан байна.Түүнчлэн төр, хувийн хэвшлийн хүрээнд 4, нийт 34 хамгаалалтын захиргаанд хамгааллын менежментийг хариуцан “Байгаль орчны багц хууль”, “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангуулан 800 орчим албан хаагч ажиллаж байгааг салбарын яамнаас мэдээлсэн байдаг.

Байгалийн галерей болсон Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уулыг улсын тусгай хамгаалалтад авна

Энэ онд 14 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсний дотор Дундговь аймгийн Дэл, Хөнжлийн уул болон Цагаан суварга орж байгаа юм.

Дэл, Хөнжлийн уул нь Дундговь аймгийн Өлзийт сумын Тагт багийн нутагт оршдог. Баруунаас зүүн тийш 17 километр, хойноос урагш 8 километр сунаж тогтсон, жижиг жижиг дэл маягийн хаднаас бүрдсэн уул юм. Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций сумдын хилийн зааг дээр урд хэсгээрээ Хөнжлийн уул, хойд хэсгээрээ Цагаан суваргатай залган оршино. Дэл уул нь тэр чигээрээ хадны сүг зургийн урлан гэдгээрээ онцлогтой. Хүн төрөлхтний түүх соёлын их өвийг хадгалсан, он цагийн хувьд МЭӨ III-I мянган жилд хамаарах  түүхийн дурсгалт газар.

Энэ ууланд 1986 оноос хойш судалгаанууд хийгдсэн бөгөөд тухайн үеийн аж амьдрал, ахуй, соёлыг илэрхийлэх 5000 гаруй сүг зургийн дүрслэл, эртний Түрэгийн руни бичгийн 4 дурсгал, Тан улсын үед хамаарах Монгол болон Хятад бичээс, эртний хүмүүсийн оромж маягийн чулуун хашлага, 20 орчим дөрвөлжин булш илэрчээ.

“Дэл уулын гайхамшиг” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Батмөнх хэлэхдээ, “Дэл уулын Булаг билүүн, Зүүн билүүн хэмээх уртаашаа 10 км, өргөөшөө найман км хэсэгхэн газарт байдаг 5000 орчим хэмээн багцаалдаг хадны зургийг хуучин чулуун зэвсгийн неолит, хүрэл зэвсгийн, төмрийн түрүү үе болон хүннүгийн үед зурагдаж, бичигдсэн хэмээн судлаачид тогтоосон байдаг.

Монголын анхны бичиг үсэг болох дүрс болон руни бичиг, Тан улсын үеийн хятад бичгийн дурсгал, бүжиглэж буй 32 хүн, цонхтой гэр, хүрээ бүхий буруу харсан хас, туурайндаа дугуйтай адуу, үлэмж том биетэй хүн, одоогоор Монголын нутаг дэвсгэрээс гуравхан олдсон дөрвөн дугуйтай морин тэрэг, хамгийн том хэмжээтэй морин тэрэг зэрэг судлаачдын анхаарлыг татсан түүх, соёлын олон сонирхолтой дурсгалууд энд бий.

Хадны зурагнаас гадна шоргоолжин болон дөрвөлжин булш, хиргисүүр, гэрэлт хөшөө, хүн чулуу, хот балгасны үлдэгдэл, сүм хийдийн туурь зэрэг соёлын үл хөдлөх өв олон бий. Зурагнууд нь билүү чулуун хадны бараан өнгөнөөс бараг ялгагдахгүй аж. Хадны зургийг голчлон сийлэх, мохоо үзүүртэй багажаар цохиж гаргах зэрэг олон янзын аргыг хэрэглэн зурсан байдаг. Зурагнууд нь он цагийн хувьд харилцан адилгүй. Дэл уулын хаднаа хүнийг хэд хэдэн янзаар дүрсэлсэн байдаг. Тухайлбал, хүний гарыг нь зуралгүй толгой дээр нь гурван салаа зураас гаргаж мөрнөөс нь авахуулан нэгэн урт зүйл унжсанаар зурсан нь манай орны хадны зураг дотор ер тааралддаггүй аж.

Мөн өргөн орой бүхий малгайтай, гартаа жад барьсан морьтой хүн, баруун гартаа дугуй зүйл барьсан хоёр толгойтой хүн, амьтдын дээд талд дүрсэлсэн дугуй цэгүүд зэрэг дүрслэлүүд нь судлаачдын сонирхлыг ихээхэн татдаг” хэмээгээд энэ ховор, нандин соёлын өвийг хойч үедээ унаган байдлаар нь үлдээхийн тулд улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэйг онцлов. Гайхамшигт сүг зураг дүрслэл нь газрын онцлог тогтцоос шалтгаалан газар байдаг учраас хүн, малын хөлд устаж, үгүй болох эрсдэл байгааг мөн хэллээ.

“Цагаан суварга”-д жилд дунджаар 50 мянган жуулчин ирдэг

Цагаан суварга нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш 156 км-т оршдог Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг. Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Цагаан суваргаас зүүн тийш 7 километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйнаас урагш 3 хайлаас байдаг.

Тус аймгийн хувьд одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай 4 газар байдаг бөгөөд нийт 391 мянган га талбайг эзэлдэг. Үүнээс 2012 онд Их газрын чулууг байгалийн цогцолборт газрын ангилалд оруулсан бол үлдсэн гурав нь байгалийн нөөц газрын ангилалтай аж.

Дундговь аймгийн ИТХ-ын 2019 оны 14 дүгээр тогтоолоор Дэл, Хөнжлийн уул, Цагаан суваргыг байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын улбааг уламжлан хадгалсан байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор нийт 336.490 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай саналаа БОАЖЯ-нд хүргүүлжээ.

Харин Соёлын яамнаас Цагаан суваргыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах тухай саналыг БОАЖЯ-нд өгчээ.

Улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын захиргааг байгуулахын тулд байгалийн цогцолборт ангилалд шилжүүлэх шаардлага бий болсныг орон нутгийн удирдлагууд ч хэлж байна.

Энэ онд салбарын яамнаас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 12 байршилд отоглох цэг байгуулахаар төлөвлөсний нэг нь Цагаан суварга оржээ. Хэдийгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай ч нөгөө талаар хог хаягдал, хөрсний бохирдол ихээр үүсэх болжээ.

“Цагаан суварга”-д жилд дунджаар 50 мянган жуулчин ирдэг. 2020 онд 7000 орчим, 2021 онд 15 мянга орчим дотоодын жуулчин энд ирсэн. Өлзийт сумаас 85  км алслагдсан учраас хогийн савыг тогтмол цэвэрлэх боломж гардаггүй. Иймээс жуулчдад хог хаягдлаа авч явахыг сануулдаг байна.

Улсын Их Хурлын гишүүн Г.Мөнхцэцэг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж буй газруудын талаарх саналаа нэгтгээд УИХ-ын ажлын хэсэгт ирүүлэхийг хүслээ. Улсын тусгай хамгаалалтад авсан газруудад тодорхой хязгаарлалтууд гарах учраас малчин өрхүүдийг дэмжих бодлого, отрын бүс болон бэлчээрийн даацыг зохицуулах зэрэг асуудал тулгарахыг сануулав. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын зөвшөөрөл олгохгүй байх, байгаль хамгааллын менежментийг оновчтой болгох, хуулийн төсөлд орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудыг саналаа өгч хамтран ажиллахыг хүслээ.

Түүнчлэн ажлын хэсэг Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.