Монгол Улсын Гавьяат багш, доктор, профессор, ШУТИС-ийн “Хүндэт доктор” Д.Бадарчид “Монгол Улсын Ардын багш” цол хүртээлээ.

Д.Бадарч Монгол Улсаас ЮНЕСКО-д сүүлийн 15 жилд амжилттай ажиллаж олон улсын хэмжээнд боловсрол, шинжлэх ухаан, соёлыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулжээ.

ЮНЕСКО-д ажиллах хугацаандаа дэлхийн 30 гаруй улс орны сургалтын нээлттэй нөөцийн талаар туршлагыг нэгтгэн судалж, цуврал ном хэвлүүлж, мэдээллийн технологийг сургуулийн өмнөх, бага сургуулийн түвшинд нэвтрүүлэх асуудлаар 3 жилийн төсөл удирдаж, анхны МООС (Massive Open Online Course) боловсруулж хэрэгжүүлсэн нь АНУ-ын ерөнхийлөгчөөс багш нарын заавал үзэх 50 онлайн хичээлийн жагсаалтад багтсан байна.

Мөн уур амьсгалын асуудал ба ёс зүй чиглэлийн МООС хийх ажлыг удирдсан.  ЮНЕСКО-ийн Засгийн газар хоорондын “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэн Засгийн газар хоорондын комиссын хурлыг гардан зохион байгуулсан гэж БШУ-ы сайд мэдээллээ.