Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эдийн засгийн чуулганыг нээж үг хэллээ. Тэрбээр нээлтийн үгэндээ “Монгол Улсын хувьд авлигын индексийг 2 оронтой тоонд оруулах том зорилтыг тавьсан. Энэ хүрээнд Төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн хяналтад оруулах асуудлыг Эдийн засгийн чуулганаар дэмжвэл, Засгийн газраас энэ асуудлыг УИХ-д өргөн барихад бэлэн байгаа.

Хэрхэн хөрөнгийн биржийг том түвшинд гаргах вэ гэдэг агуулга энэ чуулганаас гарна гэж итгэж байна. Улс төрийн намын тухай хууль, төрийн албаны бүтцийг шинээр тодорхойлно. Монгол Улсын төрийн бүтэц нэлээн данхгар. Цалин нэмэх боломж төрд байдаггүй. Төрд чадварлаг, цомхон хүмүүс ажилладаг байх, иргэдийн эргэх холбоо сайжрах шаардлагатай байна.

Ресторан нээсэн гээд үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан хүн тэнд очиж хоол иддэг соёлыг өөрчлөх, эмнэлэгт хэвтэхдээ заавал хэн нэгэн их хурлын гишүүнээр утастуулдаггүй байх, 1-р сургуульд хүүхдээ оруулахын тулд хаягийн шилжилт хийж, хүмүүсийг хоолонд оруулдаг зэрэг ийм соёлыг төрийн албаны өөрчлөлт, цахимжуулалтын хэмжээнд өөрчлөх итгэл үнэмшилтэй байгаа” гэлээ.