Боловсрол, шинжлэх ухааны яам, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант улсын Элчин сайдын яам хоорондын Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөрийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ёслолд Англи улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Филип Малон, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, дэд сайд Г.Ганбаяр болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Энэхүү хөтөлбөр нь 1983 оноос хэрэгжиж, манай улсад 1993 оноос нутагшиж, 2013 оноос хоёр орны хамтарсан санхүүжилтээр тэтгэлгийн тоог нэмэгдүүлсээр ирсэн. Өнөөдрийн байдлаар 180 гаруй монгол оюутан залуус хөтөлбөрт хамрагдан суралцсан байна. 

Монгол Улсын Засгийн газар дэлхийн өндөр хөгжилтэй оронд бакалавр, магистр, докторын түвшинд суралцуулах тоо болон чанарыг өсгөх зорилт тавин ажиллаж байна. Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхэд Англи улсад суралцах оюутны тоог нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий гэдгийг салбарын сайд онцлов. 

Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж буй оюутнуудын хувьд дэлхийн 140 гаруй орны 50 мянган төгсөгчдийн нэг болон өөрийн сурч мэдсэн зүйлсээ эх орон, дэлхийн бусад улс оронд сурталчлах боломж гарч байгааг талууд хэллээ. Чевнингийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын боловсролын салбарт оруулж буй томоохон хөрөнгө оруулалтын нэг юм хэмээн БШУЯ-наас мэдээллээ.