Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2022.03.31) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэв. Таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулан бодит гүйцэтгэлийг гаргахад 2021 оны байдлаар 74.5 хувь, өссөн дүнгээр 19.5 хувийн хэрэгжилттэй байна хэмээн Б.Жавхлан сайд танилцуулав. 2020 онд мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үед цар тахал цаашид үргэлжлэх төлөвтэй байсан тул 2021 онд зураг төсөл боловсруулах, судалгаа хийх, төсөв батлуулах, эхлүүлэх зэрэг бэлтгэл ажил хангах зорилт, арга хэмжээг түлхүү төлөвлөсөн нь мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт өндөр гарахад нөлөөлсөн гэв.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг бодлого тус бүрээр харуулбал Ковид-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 88 хувь, Хүний хөгжлийн бодлого 78 хувь, Эдийн засгийн бодлого 70 хувь, Засаглалын бодлого 76 хувь, Ногоон хөгжлийн бодлого 65 хувь, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого 79 хувийн хэрэгжилттэй гарчээ.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд 9 зорилго, 47 зорилтын хүрээнд 2021-2025 онд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталж, 2021 оны явцын дундаж үнэлгээ 79.3 хувийн биелэлттэй гарчээ. Үргэлжлүүлэн Б.Жавхлан сайд Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд үр дүнтэй хэрэгжиж байгаа томоохон зорилт, арга хэмжээнүүдийг дурдлаа.
Иргэдийн цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийн тодорхой хувийг Засгийн газраас хариуцан төлсөн. Мөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлсэн, иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэмж, 2.2 сая насанд хүрэгчдэд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон. Мөн хүн амын коронавируст халдварын эсрэг вакцины I тунд 69.8 хувь, II тунд 66.8 хувь, III тунд 31.6 хувь, IV тунд 3.4 хувийг хамруулаад байгаа бөгөөд цар тахал эхэлснээс хойш нийт 36.360 монгол иргэнээ эх оронд нь эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулсан байна.
“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө"-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд 1.9 их наяд төгрөг, репо санхүүжилтийн зээлийн хүрээнд нийт 789.8 тэрбум төгрөг, ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 925 тэрбум төгрөг, хөдөө аж ахуйг дэмжих болон малчдыг дэмжих зээлийн хүрээнд 384.2 тэрбум төгрөг тус тус олгожээ.
2021 оны байдлаар 40 цэцэрлэг, 32 сургууль, 5 спорт заал, 12 дотуур байрыг ашиглалтад оруулжээ. Түүнчлэн дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг 46 МВт-аар өргөтгөсөн байна. Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх ажлын явцад үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийг бүрэн барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор тус төслийн Засгийн газрын эзэмших хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирэх боломжтой болсон байна. Үүний зэрэгцээ гүний уурхайн үйлдвэрлэлийг 2022 оны нэгдүгээр сарын 22-нд эхлүүлсэн юм.
Цахим үйлчилгээний нэгдсэн www.e-mongolia.mn системд төрийн 562 үйлчилгээг нэгтгэж төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд сурталгүй болгоход ихээхэн ахиц гарсныг танилцуулгад дурдсан. Монгол Улс 2020 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаанд долоон удаа тогтоосон хатуу хөл хорионд нийт 79 хоногийг өнгөрүүлж, бусад үед нь гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд байсан. Экспорт тасалдаж, олон улсын ачаа тээврийн эргэлт эрс удааширч, хичээл сургууль танхимаар хичээллэх боломжгүй болж, үйлчилгээний бүхий л газар үүд хаалгаа барьж, 200 гаруй мянган ажлын байр эрсдэлд орж, эдийн засаг 1992 оноос хойш анх удаа -5.3 хувь хүртэл агшиж, улсын төсвийн орлого 23 хувиар тасарсан нэн хүнд цаг үеийг даван туулж Засгийн газраас цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжих суурь нөхцлийг бүрдүүлэх, хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхлээд байгааг Сангийн сайд танилцуулав.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.5-д “Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хуульд заасан хугацаанд Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 18.3-т заасны дагуу хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл бусад Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж санал, дүгнэлтээ хүргүүлж болно” гэж заасан байдаг. Энэ дагуу Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хороо хамтран хуралдаж, санал дүгнэлт гаргасныг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд танилцууллаа.
Байнгын хороод 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хамтарсан хуралдаанаараа дээрх асуудлыг хэлэлцжээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.8 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны хэрэгжилт болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтэд Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийжээ.
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2021 оны хэрэгжилтийн хүрээнд Засгийн газраас 2021 онд 9 зорилгын 47 зорилтын хүрээнд 243 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс хэрэгжилтийг 79.3 хувьтай үнэлж, тайланг Улсын Их Хуралд ирүүлсэн. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-т улс, орон нутгийн төсөв, гадаад зээл, тусламж, концессын гэрээ, Хөгжлийн банк болон хувийн хэвшлийн санхүүжилтээр хэрэгжүүлэх 49,690.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 150 төсөл арга хэмжээг тусгажээ. 2021 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын 581.5 тэрбум төгрөг буюу 12.9 хувийг улсын төсвөөр, 1,064.5 тэрбум төгрөг буюу 23.6 хувийг гадаад зээл, тусламжаар, 2.6 тэрбум төгрөгийг эх үүсвэр шинэчлэн шийдвэрлэсэн хөрөнгөөр, 2,264.7 тэрбум төгрөг буюу 50.2 хувийг шууд хөрөнгө оруулалтаар, 0.7 тэрбум төгрөгийг Нийслэлийн төсвөөр, 39.1 тэрбум төгрөг буюу 0.9 хувийг Хөгжлийн банкны санхүүжилтээр, 560.1 тэрбум төгрөг буюу 1.2 хувийг концесс, төр хувийн хэвшлийн түншлэлээр тус тус санхүүжүүлсэн байна.
Нийт батлагдсан төсөвт өртгийн 20.4 хувь 10,124.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2021 онд хэрэгжүүлэхээр төсөвлөж, гүйцэтгэлээр 44.6 хувийн буюу 4,513.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байна.
2021 онд 100 хувь хэрэгжсэн 30 төсөл, арга хэмжээ, тодорхой үр дүнд хүрсэн 39 төсөл, арга хэмжээ, эрчимжүүлэх шаардлагатай 22 төсөл, арга хэмжээ, 0 хувийн гүйцэтгэлтэй 59 төсөл, арга хэмжээ байна гэж тайланд тусгажээ. Нийт төсөл, арга хэмжээний 20 хувь нь 100 хувь хэрэгжсэн, 39.3 хувь нь 0 гүйцэтгэлтэй хэрэгжсэн төсөл, арга хэмжээ байна.
Тухайн төсөл, арга хэмжээний санхүүжилтийг улсын төсөв болон бусад эх үүсвэрт тусгаагүй, төслийг санхүүжүүлэх байгууллагын шинжээчийн дүгнэлт гараагүй, тендер зарлагдаагүй, шүүхийн маргаантай, “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр ажил хийгдээгүй, ТЭЗҮ болон зураг төсөв хийгдээгүй, зах зээлийн нөлөөгөөр төсөвт өртөг нэмэгдсэн зэрэг нөхцөл байдал үүссэн нь төсөл, арга хэмжээ хэрэгжихгүй буюу 0 хувийн гүйцэтгэл гарахад голлон нөлөөлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийн хүрээнд 6 бодлогын хүрээнд 234 зорилт, 1031 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгасан нийт арга хэмжээг үнэлэхдээ тухайн жилийнхээ шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхийг Улсын Их Хурлын Тамгын газраас хянан үзэж төсөл, арга хэмжээ тус бүрээр үнэлсэн байна.
Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 6 бодлогын хүрээнд дэвшүүлсэн нийт 234 зорилт, 1031 арга хэмжээнээс 701 арга хэмжээний хэрэгжилтийн тайланг ирүүлсэн. Засгийн газраас хөтөлбөрийн хэрэгжилтийг 74.5 хувийн хэрэгжилттэй гэж үнэлсэн бөгөөд харин Улсын Их Хурлын Тамгын газар 2021 оны жилийн эцсийн байдлаар 69.6 хувьтай гэж үнэлжээ.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.3 дахь хэсэгт заасны дагуу Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явцтай нэгтгэн гаргасан тайланг бусад Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж санал, дүгнэлтээ ирүүлснийг хамтарсан хуралдаанаараа сонссон болохыг санал, дүгнэлтэд дурдсан юм.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд иргэд визгүй зорчих орны тоог нэмэгдүүлсэн эсэх, хилийн чанадад үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжийн эрх ашгийг хамгаалах талаар хийсэн ажил, цахим элчин сайдын яам байгуулах ажлын явц, “Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратеги-2030”-ыг боловсруулж, батлуулах ажлын явцын тухай болон “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар, эдийн засгийг сэргээх, экспортыг нэмэгдүүлэх, боомтын үйл ажиллагааг сэргээх талаар, Хилийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д улсын хилийн шугамаас дотогш 15 км-т үйл ажиллагаа явуулах боломжгүй байгааг анхаарч, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Гашуунсухайт боомтын үйл ажиллагааг сайжруулах, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хөх хотод суугаа Ерөнхий консулын зүгээс экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа сэргээх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах үүднэс гадаад харилцаа, хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх, сахилга бат, хариуцлагыг нэмэгдүүлж ажиллах талаар;
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтэд дотоодын хэрэгцээг Монгол Улсад үйлдвэрлэсэн төмс, хүнсний ногоогоор бүрэн хангахад чиглэсэн зорилт, арга хэмжээ хангалтгүй байгаа талаар, махны экспортын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний талаар, хог хаягдлын менежментийн талаар, уул уурхай, тээвэрлэлттэй холбоотой үүссэн нөхөн сэргээлт хийх арга хэмжээний талаар, орон нутагт хуурай сүүний үйлдвэр байгуулах зорилгоор баригдсан барилгыг цаашид гүйцээж хуурай сүүний үйлдвэрийг ашиглалтад оруулах талаар;
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтэд “Олон улсад үнэлэгдэж чадахуйц үндэсний боловсролын тогтолцоог нэвтрүүлэх” бодлогод кембрижийн хөтөлбөрийг түлхүү оруулсан байгаа нь үндэсний боловсрол гэсэн утгыг алдагдуулж байгаа талаар, ерөнхий боловсролын сургуулийн нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлыг нэмэгдүүлэх, шинжлэх ухааны технологийн салбарт инновацын дэд бүтцийг бий болгож шинжлэх ухааны ажилтны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх талаар, Монгол улсыг дэлхийд мандуулах тамирчдынхаа талаар тодорхой арга хэмжээ авах талаар, олон улсад чиглэсэн өөрсдийн өв, соёлыг сурталчлан таниулж дэлгэрүүлсэн контент хийгдэхгүй байгаа талаар;
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны санал, дүгнэлтэд ипотекийн зээлийн гүйцэтгэлийн талаар, төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг оновчтой болгох, ажил үүргийн давхардлыг арилгах, бодлогын шинэчлэлийг эхлүүлэх, үндсэн чиглэлд тусгагдсан авлигаас урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, зохион байгуулалтыг сайжруулах, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгах, төрийн бүх шатанд авлигыг таслан зогсоох, хөтөлбөр хэрэгжүүлэх, төр иргэдийн мэдээлэл солилцох тогтолцоог боловсронгуй болгох талаар;
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтэд өргөн хэрэглээний бараа болон барилгын салбар дахь үнийн хөөрөгдлийг мөнгөний бодлого, инфляцтай уялдуулан тодорхой түвшинд хязгаарлах, төсвийн хөрөнгө оруулалтыг эрэмбэлж, цаг үеийн нөхцөл байдалтай уялдсан өөрчлөлтүүдийг хугацаа алдалгүй хийх, Засгийн газрын төсөв, эдийн засгийн бодлого, арга хэмжээг ойлгомжтой, тодорхой болгох, бараа, бүтээгдэхүүний хомстол бий болгохгүй байхад анхаарч шуурхай ажиллах талаар;
Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд томоохон бүтээн байгуулалт болон ажлын явц нь удаашралтай байгаа төсөл, арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, мөн Дарханы арьс ширний үйлдвэрийн цогцолбор байгуулах ажлын үнэлгээнд аудитын дүгнэлт гаргуулах талаар;
Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтэд төрийн өмчийн шинэтгэлийн асуудал удаашраад байгаа талаар, хувийн хэвшлийг хамгаалах хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай талаар, ялтныг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах замаар хохирол барагдуулалтыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр камержуулах ажлын явцын талаар болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, түүнтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилтын талаар;
Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд ухаалаг засаг, цахим монгол төслийн хэрэгжилт, эрүүл мэндийн салбарын цахим шилжилт, мэдээллийн технологийн хүний нөөц, телемедицины бэлэн байдлын талаар, харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, программ хангамжийн аюулгүй байдлыг онцгой анхаарах, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийг оновчтой хэрэгжүүлэх талаар, Кибер аюулгүй байдлын тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа болон Кибер аюулгүй байдлын Нийтийн төв, Үндэсний төвийн бэлэн байдлын талаар, үндэсний инновацын тогтолцоо болон мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарын хатуу, зөөлөн дэд бүтцэд онцгой анхаарал хандуулж, технологи шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь эдийн засгийг төрөлжүүлэх талаар, цаашид барилга, байгууламжид биш мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах төсвийг нэмэгдүүлэх талаар;
Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд ашиглалтад орох эмнэлгийн барилгын ажлын явцын талаар, эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлс, нийгмийн баталгааны талаар, тусгай хэрэгцээтэй байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй 16 нас хүртэлх хүүхдээ асран, ажил, хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс төлөх боломжоор хангах эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг эрчимжүүлэх талаар, гэр бүл, ахмад настны хөгжлийн төвүүдийг байгуулах ажлын талаар, хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настанд ээлтэй, хүртээмжтэй орчин нөхцөлийг бүрдүүлж, хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зорилт арга хэмжээний хэрэгжилтийн талаар, орчин үеийн анагаах ухааны дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зорилтын хүрээнд Зүрх судасны төв байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн арга хэлбэрийг нэвтрүүлж, эмнэлгийн хагас бие даасан байдлыг ханган, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх замаар улсын төсөв, эрүүл мэндийн даатгалын үр ашгийг дээшлүүлж, иргэдийн эрүүл мэндээс шалтгаалсан санхүүгийн бэрхшээлийг бууруулах зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа тул анхаарч ажиллах талаар тус тус дурдсан байна.
Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Шинэ Ховд” үйлдвэр технологийн парк байгуулах, газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын явцын талаар, боомтын сэргэлтийн хүрээнд Ярантын боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Байтаг Богдын чиглэлд шинээр авто зам болон боомт барих, одоо байгаа боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөлөөллийн бүсэд амьдарч байгаа иргэдэд олгох нөхөн олговрыг хэрхэн шийдвэрлэсэн талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа аж ахуйн нэгжүүдийг тодорхой хэмжээнд төрөөс бодлогоор дэмжих, экспортын сан бүрдүүлэх, өрх, гэр бүлүүдийг хүүхдийн тооноос хамааруулан татварын бодлогоор дэмжих, Баялгийн санг бий болгох асуудлын талаар, 150 өрхийг орон сууцаар хангах хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар, Улаанбаатар хотын болон хөдөө орон нутаг, аймгуудын утааг шат дараатайгаар бууруулах, боловсролын салбарт ажиллаж байгаа үйлчилгээний ажилтнуудын үр дүнгийн болон нэмэлт урамшууллын асуудлыг хэрхэн шийдвэрлэж олгож байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг Баялгийн сангийн тухай асуудлын хэрэгжилтийн талаар, хүн амын нягтаршил ихтэй газруудад хуучин орон сууцуудыг буулгаж шинээр барилгажуулах ажил удаашралтай байгаа талаар, үндэсний боловсролын системийг олон улсын жишигт хүргэх асуудал хэрэгжихгүй байгаа талаар, асрамжийн газар, сургууль, цэцэрлэг шинээр барих ажил удааширч байгаагаас цэцэрлэгийн хүүхдийн тоо суудлаасаа хэтэрч байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг Ковид-19 цар тахлын нөлөөллөөс шалтгаалж эдийн засаг өөрчлөгдөж байгаатай холбогдуулан гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хэрхэн татах, ямар ажил хийхээр төлөвлөж байгаа талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хүүхэд харах үйлчилгээ амжилттай хэрэгжиж байгаа, стандарт хангаагүй зарим нэг газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан асуудал гарч байгааг эргэн харах, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар төрийн байгууллагуудыг өөрийн харьяандаа цэцэрлэгтэй байх асуудлыг тусгасан байгааг анхаарч хэрэгжүүлэх, мөн эрүүл мэндийн салбарын барилгын ажил удааширч байгаад холбогдох сайд нар хяналт тавьж, үнэлгээ хийх, анхаарах, /Ковид-19/-ын нөхцөл байдлаас шалтгаалж эдийн засаг хүндэрсэн байхад Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зарим зорилт, арга хэмжээг 100 хувь биелсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байгааг анхаарах талаар саналаа илэрхийлсэн гэжээ.
Сангийн сайдын танилцуулга болон Төрийн байгуулалтын болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, Засгийн газрын гишүүд болон ажлын хэсгээс хариулт, мэдээлэл, тайлбар авав.
Чинээлэг дундаж давхаргыг өргөжүүлнэ, хүүхдийн тооноос хамаарч гэр бүлд татварын хөнгөлөлт үзүүлнэ, цалин тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг жил бүр инфляцтай уялдуулан нэмэх, байгалийн баялгийн өгөөжөөс иргэн бүрд хүртээнэ, экпортыг дэмжиж баталгааны сан байгуулна, ажлын байрыг нэмэгдүүлж, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх гэх зэрэг зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтэд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдэг саналыг Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг хэллээ. Түүнчлэн төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн систем, энэ асуудлыг хариуцдаг салбарын яам нэгдсэн бодлогоор асуудлаа зангидаж авч явах шаардлагын талаар дэлгэрэнгүй тайлбар хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн ажилгүйдлийн түвшин өндөр, ядуурал нэмэгдэж байгаа гэж үзэж буйгаа илэрхийлээд холбогдох бодит тоон мэдээллийг салбарын яамнаас тодруулсан. Мөн тэрбээр төсвийн нөхцөл байдлын талаар саналаа хэлж, тодотгол хийх эсэхийг тодруулж, төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлийн бодлого бий эсэхийг тодруулж, салбарын сайд нар болон ажлын хэсгээс хариулт, мэдээлэл авав.
Олон улсын түвшинд үүсээд буй цаг үеийн нөхцөл байдал, түүний Монгол Улсад үзүүлэх нөлөөллийг тооцон төсөв, мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах нь зайлшгүй гэдэг хариултыг Б.Жавхлан сайд өгөв. Түүнчлэн нөөцөө хэмнэх, хамгаалах бодлогын арга хэмжээнүүд, арга хэрэгслүүдийг ч ашиглана гэдгээ хэлж байв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Бат-Эрдэнэ усны бодлогын талаар, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн талаар төрөөс баримтлах бодлого, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Засгийн газраас баримтлах бодлогыг тодруулж, эдгээртэй холбоотой саналуудаа хэлсэн. Түүнчлэн Т.Энхтүвшин гишүүн төсвийн хөрөнгө оруулалтаа эрэмбэлэх, тулгамдаад буй асуудлуудаа шийдвэрлэхэд анхаарал хандуулах шаардлага байгаа гэдэг санал хэлэв. Мөн валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр баримтлах бодлогын талаар салбарын сайдаас хариулт авсан.
Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг, Д.Өнөрболор, Н.Наранбаатар, Б.Баярсайхан, Ч.Хүрэлбаатар, М.Оюунчимэг, Г.Тэмүүлэн, Ш.Адьшаа нар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв.
Олон улсын энэ цаг үеийн хурцадмал нөхцөл байдал Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөө үзүүлж, хүндрэл үүсгэж байгааг бүх түвшиндээ ойлгож, хэмнэлтийн горимд шилжих шаардлага тулгарч байгааг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэллээ. “Дэлхий дахинаа үүсээд буй нөхцөл байдлын Монголд туссан "сүүдрийг" ойлгож, улс төрийн хүчнүүд асуудлуудыг хэт улс төржүүлэхгүй, гадаад харилцаа, олон улсын байдалд туйлшралгүй Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогын зарчмыг хүндэтгэж, нэг санаа бодолтой байх цаг үе тулгарч байна. Хүнд цаг үе тулгарч байна. Хамтын хүчээр даван туулна. Дотооддоо үймэж, нийгэмд буруу зөрүү ойлголт өгөхгүй байх дээр дор бүрнээ анхаарна уу. Хамтын хүчээр, нийтээрээ хүчээ нэгтгэж байж хямрал, хүндрэлийг даван туулна гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Хямрал гэдэг үгийн ард боломж бас байдгийг санаж, Засгийн газар хэт үймэлгүй, бас хэт тайвшралгүйгээр оновчтой, хурдтай шийдвэр гаргаж “Шинэ сэргэлтийн бодлого”-оо тооцоо судалгаатайгаар, олон нийтийн санаа бодолд нийцтэйгээр хэрэгжүүлнэ хэмээн итгэж байна” гэлээ. Үүгээр Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцэж, чуулганы хуралдаан өндөрлөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.