Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 27 дугаар тогтоолоор Замын-Үүд боомтын улсын хилийн шугам дахь чингэлэг шилжүүлэн ачих талбай, гаалийн хяналтын бүс, Замын-Үүд сумын нутгийн захиргааны байгууллага болон Замын-Үүд боомтын хилийн хяналт, шалгалтын байгууллагад 1 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тусгай дэглэм тогтоосон. Энэ хүрээнд Шадар сайдын тушаалаар дэд ажлын хэсэг байгуулагдан  Замын-Үүд суманд ажиллаж, Замын-Үүд – Эрээн авто замын боомтоор нэвтрэх ачаа тээврийг 2022.01.11-ний өдрөөс улсын хилийн шугам дээр чингэлэг солих байдлаар эхлүүлсэн билээ. Эрээн-Замын-Үүд боомтын ачаа, тээврийн нөхцөл байдлын асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Замын-Үүд–Эрээн авто замын боомтоор тээвэрлэлт эхэлснээс хойш 2022 оны 01 дүгээр сарын 24-ний байдлаар чингэлэг солилцох талбайгаа нийт 592 тээврийн хэрэгслээр нийт 767 чингэлгээр 12825 тонн ачаа татаж авлаа. Ачааны төрлийн хувьд 60 орчим хувийг барилгын материал, хүнс, гэр ахуйн бараа үлдсэн хувийг эзэлж байна. Чингэлгийн тоог нэмэх талаар хятадын талтай яриа хэлэлцээг хийж байгаа. Хилээр нэвтэрсэн чингэлэгтэй ачааг бүс нутгийн логистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийсний дараа хүлээлгийн талбайд буулгаж, ачаа хүлээн авагчид хүлээлгэн өгч байна. Тээвэр зохион байгуулалтын хувьд 08:00-13:00 цагийн хооронд хятадын тал хилийн шугам дээрх бэлтгэсэн талбайд ачаатай чингэлгийг буулгаад гарсны дараа 13:30-18:00 цагийн манай тал ачаатай чингэлгийг хилийн шугам дээрх талбайгаас авч, Замын-Үүдийн бүс нутгийн логистикийн төвд буулгаж байгаа. Хятадын талтай чингэлэг тээврийн ерөнхий зохион байгуулалтыг “УБТЗ”-ын Олон улсын тээвэр зуучлалын холбоо хариуцаж байна. Тээврийн үнэ тарифын хувьд улсын хилийн шугамаас бүс нутгийн логистикийн төв хүртэлх 14.8 км зайд хийгдэх тээвэрлэлтэд Засгийн газрын зүгээс тодорхой зохицуулалт хийж байгаа бол гаалийн хяналт шалгалт хийгдсэн чингэлгийг Замын-Үүд сумаас автомашинаар дунджаар 3-3.5 сая төгрөгөөр тээвэрлэж байгаа. Харин төмөр замаар 40 футын нэг чингэлгийг 2.5 сая орчим төгрөгөөр тээвэрлэж байна. Ачаа хүлээн авагч нар өөрсдийн тээврийн хэрэгслээр Замын-Үүдийн логистикийн төвөөс ачаагаа татан авах боломжтой.Тээврийн үнийг бууруулах үүднээс Шадар сайдаас өгсөн үүргийн дагуу Бүс нутгийн логистикийн төвд ачаанаас суларсан хоосон чингэлгийг шилжүүлэн ачих, хадгалах үйлчилгээний төлбөрийг түр хугацаанд чөлөөлсөн болно.

Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар “Өнгөрсөн долоо хоногт мкв ачааны үнэ 1800-2000 юань байсан бол энэ долоо хоногт 1600-1800 юань болж буурсан. Мөн өнгөрсөн пүрэв гарагт Замын-Үүд дэх бүс нутгийн логистикийн төвд гаалийн бүрдүүлэлт хийхээр буулгасан чингэлэг ачааны хураамжийг Шадар сайдын саналаар цуцалсан. Ингэснээр ачаа, барааны үнийг буурах нөхцөл бүрдсэн. Шадар сайд, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ын талд олон удаа санал тавьсны үр дүнд автозамын боомтоор гарч байгаа чингэлгийн тоо болон дарааллыг ил тод болгон цахим хэлбэрт шилжүүлсэн. Ингэснээр үнэ хөөрөгдөх, дараалал алдагдах зөрчлийг арилгах юм” гэв.

Тус хуралд Шадар сайдын зөвлөх Ц.Мөнхбаатар, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн орлогч дарга н.Амарсайхан, Гаалийн ерөнхий газрын Статистик мэдээллийн хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн, Автотээврийн үндэсний төвийн дэд дарга Ц.Эрдэнэчулуун, Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, дэд хурандаа Б.Ууганбаяр нар оролцлоо.