Хөгжлийн Банкны үйл ажиллагаа, түүнд хийсэн шалгалтын дүнгийн талаарх нээлттэй сонсгол Төрийн ордонд өчигдөр зохион байгуулагдсан.
Энэ үеэр Хөгжлийн Банк болон УИХ-аас томилогдсон ажлын хэсгээс зээлийн эргэн төлөлтийг ангилан танилцуулав.
УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Монголбанкнаас Хөгжлийн Банканд хийсэн шалгалтын дүнд үндэслэн зээлийн ангилал болон зориулалт ямар байгааг танилцуулсан юм. Энд дурдсанаар хэвийн зээлдэгч 17, анхаарах хандуулах дөрөв, чанаргүй ангилалд 44 аж ахуйн нэгж байгаа аж.
Харин зээлийн зарцуулалтын тухайд, 28 аж ахуйн нэгж зээлээ зориулалтын дагуу зарцуулж байгаа гэж үзсэн бол 19 аж ахуйн нэгжийн зээлийн зориулалт бүрэн бус, нэр бүхий 15 аж ахуйн нэгжийн авсан зээлийн зориулалт нотлогдоогүй байна.
Хөгжлийн Банкнаас танилцуулсан зээлийн эргэн төлөлтийн нөхцөл байдлын тухай мэдээлэлд хэвийн, анхаарал хандуулах, чанаргүй, бүрэн төлөгдсөн зээлүүдийг доорх байдлаар ангилан харуулжээ.