ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь илтгэл тавив: -Орон нутгийн үйлдвэрлэлийн 85 хувь нь ХАА-д суурилдаг. Хоршооны хөгжлийг идэвхжүүлнэ. Иймд энэ оныг хоршооны хөгжлийн жил болгон зарласан. Хоршооны гишүүдийн төмс хүнсний ногоог хадгалах агуулах барина. Цаашид мах, сүүгээ 100 хувь дотоодоос, өндөгний 90 хувийг дотоодоос хангах зорилт тавьсан. "Ханбогд кашмер" компанийн захирал дэлхийд алдартай Burberry, LV брэндүүдэд ноолуур нийлүүлжээ. Тус компани хоршоодтой хамтран ажилладаг. Хоёр хоршооноос авсан ноолуураа эдгээр брэндүүдэд нийлүүлсэн байна. Тус компанийн захирал Ч.Ганцэцэг "Монгол ноолуур дэлхийн томоохон брэндүүдийн стандартыг хангах хэмжээнд хүрсэн. Манай улс нийт ноолуурынхаа 35 хувийг л боловсруулж байна. Одоо Европын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар бэлдэж байна. АХБ брэндинг хийсэн. Итали руу ноолуур гаргасан. Энэ салбарт гэрэл гэгээтэй мэдээ их бий" гэв.
Энэ онд нэг кг ноолуурын үнэ манай улсад 120-130 мянган төгрөг байгаа аж.
Оролцогчид уул уурхай, зам барилгын салбарт ажилчдад өдөрт 60-70 мянган төгрөг олгож байгаа нь бусад салбарыг ажиллах хүчний хомстолд оруулж байна гэв. "Сүү" ХК-ийн захирал задгай сүүний худалдааг 100 хувь хориглох санал гаргав. Учир нь сүү үйлдвэрлэгчдийн шаардлагыг хангаагүй буюу лабораторийн шаардлага хангаагүй, бруцеллозтой гэх мэт эрсдэлтэй сүү байдаг гэв.