Өнөөдөр (03.28) УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Чинзориг нар "Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл" болон холбогдох бусад хуулийн төслийг өргөн барилаа.
Сүүлийн жилүүдийн тоон мэдээллээс харахад, аливаа зээлийн гэрээтэй холбоотой маргаан нь шүүхийн ачааллыг нэмэгдүүлэх шалтгаан болж, ингэснээр иргэдэд хүндрэл, удаашрал үүсч, холбогдох зарим зохицуулалтгүйн улмаас зээлдэгчийн эрхэд халдах хүртэл эрсдэл нэмэгджээ.
Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгосноор иргэд, бизнес эрхлэгчдийн зардал, цаг хугацааг хэмнэж, санхүүгийн зах зээлд мөнгөний эргэлт түгжигдэхгүй байх, шүүхийн ачаалал багасах, зээлийн хүү буурах, зээлийн гэрээний үүргийг үр дүнтэй хангуулах зэрэг эерэг үр дагавартай гэж хууль санаачлагчид онцоллоо.
Хуулийн төслийг холбогдох байнгын хороо хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үед иргэд та бүхэн ч мөн адил цахимаар нээлттэй санал, сэтгэгдлээ илгээх боломжтой.