Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Евразийн эдийн засгийн комиссын Худалдааны сайд А.А.Слепневтэй Москва хотноо тус комиссын төв байранд өчигдөр уулзав.
Элчин сайд Ө.Энхтүвшин Худалдааны сайд А.А.Слепневтай уулзах үеэрээ Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэх сонирхолтой байдгийг тэмдэглэж, хамтарсан судалгааны ажлын явцын талаар болон хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжуудын талаар нээлттэй яриа хэлэлцээ өрнүүлж, санал солилцлоо.
Талууд уулзалтын дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, цаашид Холбооны үйл ажиллагаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл солилцон ажиллахаар тохиролцов гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ мэдээллээ.