Гадаад харилцааны яамнаас ОХУ-ын Элчин сайдын яам руу ноот бичиг илгээсэн байна.

Учир нь ОХУ-ын Элчин сайдын яам өөрийн албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан "Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд" гэсэн мэдээллийг өнөөдөр түгээсэн билээ. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас ноот бичиг илгээж, тус мэдээллээ устгах шаардлагыг ОХУ-ын Элчин сайдын яам руу хүргүүлсэн байна.

Олон улсын эрх зүйчид Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам албан ёсны цахим хуудаснаа ийм мэдээлэл гаргасан нь Дипломат харилцааны Венийн конвенцид заасан "томилогч улс, хүлээн авагч улсын хооронд найрсаг харилцааг хөгжүүлэх", "хүлээн авагч улсын хууль, дүрэм, журмыг хүндэтгэх", "хүлээн авагч улсын дотоод хэрэгт үл оролцох" дипломат төлөөлөгчийн газрын үүргүүдээ зөрчиж буй үйлдэл хэмээн мэдээлж байна.