УИХ-ын чуулганы өнөөдрийн /2022.03.24/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.15 цагт эхэлж, Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
Төрийн хяналт шалгалтын улмаас хүнд суртал нэмэгдэж, бизнес эрхлэгчдэд дарамт учирч байна гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь олон удаагийн судалгаа, тэдгээрээс гарсан дүгнэлтэд дурдагдсан байдаг. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэхэд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр хугацаанд зогсоох нь бизнес эрхлэгчдэд эерэгээр нөлөөлөх ач холбогдолтой гэж үзэж байгаа тул энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчлэхээр төсөлд тусгасан байна. Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхгүй бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллээр, эсхүл эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан тохиолдолд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхээр заасан байна. Мөн төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийхэд зөрчил илэрсэн бол тэргүүн ээлжинд зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэхээр тусгажээ.
Түүнчлэн энэ хуулийн үйлчлэх хугацаа дууссан нь төрийн хяналт шалгалтыг нөхөж хийх үндэслэл болохгүй аж. Энэ хуулийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг зогсоох, үйл ажиллагааг шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид зөвлөн туслах, сануулах шинжтэй албан шаардлага хүргүүлэх тухай зохицуулалт нь Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй юм байна. Энэ хууль нь төрийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдэд төлөвлөгөөт хяналт шалгалт хийхийг зогсоохгүй хэмээн сайд Х.Нямбаатар танилцууллаа. Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төсөл батлагдсанаар энэ хуулийн үйлчлэх хугацаанд бизнес эрхлэгчид хяналт шалгалтын улмаас учирч буй дарамтыг хөнгөвчлөн, тэдгээрт мэргэжил, арга зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлдэг хяналт шалгалтын эрх зүйн орчин бүрдэхэд тус нэмэр болно гэж хууль санаачлагч үзсэн байна. Хяналт шалгалтын үр дүнд шууд торгууль ногдуулах бус, эхлээд зөвлөн туслах шинжтэй албан шаардлага хүргүүлэх нь хяналт шалгалтын байгууллага иргэдэд илүү ойр байж, тэдэнд үйлчилгээ үзүүлэх, туслах, дэмжих чиг үүргийг хэрэгжүүлдэг болоход ач холбогдолтой гэлээ.
Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 60 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулсан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
УИХ-ын гишүүд, хуулийн төслийн зохицуулалт нь хуулиар хянан шалгах чиг үүрэг хүлээж буй байгууллагуудын хянан шалгах үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх, хуулийн төслийн хэрэгжих хугацаа, хууль үйлчлэх хугацаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг түр зогсоосноос үүсэх эрсдэл, үр дагаврын талаар, ийнхүү зогсоож хяналт шалгалтыг нөхөн явуулах боломжгүй байдлаас үүссэн үр дагаврыг хэрхэн зохицуулах талаар тодруулж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж төрийн байгууллагаас бусад аж ахуйн нэгж, иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагаанд төрийн зарим төрлийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох нь цаг үеэ олсон, хувийн хэвшлийг дэмжсэн чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил цаашид эрсдэлд суурилсан төлөвлөгөөт хяналт шалгалтыг бэхжүүлэх, төрийн хяналт шалгалтын эрх зүйн орчны давхардал, хийдлийг арилгаж эрх зүйн орчныг ойлгомжтой болгох нь зүйтэй гэсэн саналтай байлаа.
УИХ-ын гишүүн Н.Энхболд төрийн хүнд суртлыг бууруулах, төрийн албаны бүтээмжийг дээшлүүлэх бодлогын хүрээнд өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцэж, төрийн хяналт шалгалтын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн.
Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.
Мөн хуралдаан Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжиллээ.
Хуулийн төслийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцуулсан юм.
Хууль санаачлагч иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоо болох иргэний бүртгэлийн дугаарыг иргэний үнэмлэх дээр ил харагдах байдлаар тусгаж, регистрийн дугаар, оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар хуулийн төслийг боловсруулсан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 90.1 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар танилцуулсан.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүд иргэд аливаа үйлчилгээ авахад гар утас, регистрийн дугаар, гэрийн хаяг гэх мэт бүх мэдээллийг нь авдаг. Тэр бүгдийг нууцлах нь зөв. Гэхдээ үнэмлэх шинэчлэхдээ иргэдэд чирэгдэл багатайгаар хэрхэн зохицуулах вэ хэмээн лавлаж байлаа. Мөн төрийн үйлчилгээ цахим болсноор иргэдийн хичнээн төгрөгийг хэмнэж байна вэ гэсэн асуулт асуусан.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нарын хариулснаар, жилд 100-120 мянган хүн шинээр иргэний үнэмлэх авдаг байна. Мөн гээж, үрэгдүүлсэн төдий тооны хүн үнэмлэх шинээр авдаг бөгөөд нийтдээ жилдээ 250 мянган иргэний үнэмлэх шинээр олговол иргэний үнэмлэх шинэчлэх ажил ойрын 3-4 жилд дуусна гэж төлөвлөж байгаа аж. Иргэний үнэмлэхийн чипэнд регистрийн дугаар, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсэг, иргэн бүрт олгох төртэй харилцах мэйл хаягийг байршуулж, улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгөгдсөн 12 орон бүхий тоог үнэмлэх дээр илээр хэвлэх аж. Төртэй харилцах мэйл хаягаар “Таны иргэний үнэмлэхийн, гадаад паспортын хугацаа дуусч байна, сонгууль өгөх ёстой, цэргийн зарлан дуудах хуудас ирсэн байна” гэх мэт мэдээлэл очих бөгөөд иргэд тэрхүү мэдээллээ гар утсаараа авч байх программ хангамж, техникийн асуудлыг УБЕГ шийдээд байгаа аж. E-Mongolia систем 22 төрлийн лавлагаа, 72 төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байгаа бөгөөд хамгийн бага үзүүлэлтээр буюу иргэд автобусанд сууж очиж лавлагаа авах, банк очиж үйлчлүүлэх зардлыг хэмнэсэн гэж үзвэл 30 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт гарч байгаа юм хэмээн УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан хэлсэн.
Гишүүд асуулт асууж, хариулт авсанаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.