Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурал (UNCED)-ын үеэр 1992 онд дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг анх дэвшүүлжээ. Үүний дагуу цэвэр усаар гачигдаад буй улс орнууд энэхүү байдлаас гарах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх зорилгоор 1993 оноос гуравдугаар сарын 22-ны өдрийг НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, уламжлал болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн юм.

НҮБ-ын уриалгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, 2005 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ өдрийн гол зорилго унд болон ахуйн ус болон усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийт, нийгмийн анхаарлыг хандуулах, сурталчилан таниулах ач холбогдолтой юм.

Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг, усны нөөц багатай орны тоонд багтдаг билээ. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Гэхдээ газрын доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, хэдэн зууны жилээр нөхөн сэргээгддэг байна.

Энэ жил Дэлхийн усны өдрийг “Газрын доорх ус” сэдвээр тэмдэглэж байна. Дэлхийн усны өдөрт зориулан БОАЖЯ, Монголын Байгаль орчин, иргэний зөвлөл (МБОИЗ), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас “Цэнхэр алт” үндэсний хэлэлцүүлгийг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд өнөөдөр зохион байгуулж байна. Мөн ШУТИС-д “Ус-хөгжлийн түлхүүр" эрдэм шинжилгээ, онол практикийн хурал болно.