БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон бусад албаны төлөөлөл өнөөдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзаж, хамтын ажиллагааны чиглэл, төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцов.
 
Түүнчлэн НҮБ-ын Суурин төлөөлөгч хөдөө аж ахуйн салбарт түншлэгч талуудын платформын талаар танилцуулсан юм.
 
Уулзалтын үеэр БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд хоёр болон олон талт хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг онцлоод “НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчид хандан бидний хамтран хэрэгжүүлж буй:
 
• 2019 онд эхэлсэн Хөдөө аж ахуйн салбараас ялгарах хүлэмжийн хийг тооцоолох,

• 2019 онд эхэлсэн Замын-Үүд орчмын цөлжилт газрын доройтлыг ойн зурвас байгуулах замаар бууруулах,
• 2021 онд эхэлсэн Дорнод Монголын хуурай хээрийн тогтвортой ландшафт, биологийн олон янз байдлыг хамгаалах,
• 2021 онд эхэлсэн Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах төслүүд нь монгол орны цөлжилт, газрын доройтлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, биологийн олон янз байдлыг хамгаалахад эерэг үр нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
 
Үргэлжлүүлэн энэ хүрээнд хоёр тал хөдөө аж ахуйн чиглэлээр малын эрүүл мэнд, цөлжилт, хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, газрын доройтол, малын ашиг шимийг нэмэгдүүлэх, ургамлын эдийн засгийг хөгжүүлэх, ховор ургамлыг тарималжуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан санал солилцлоо гэж БОАЖЯ-наас мэдээллээ.