Монгол Улс төмөр замтай болоод 70 гаруй жил өнгөрчээ. Энэ бол Монгол, Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам. Үүний араас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 258 км, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын бүтээн байгуулалт дуусахад тун дөхөж, Монголчууд анх удаа бие даан төмөр замаа барилаа гэх үгсийг дарга нар хэлээд эхэллээ.

Мөн Улаанбаатар төмөр замын Мааньт өртөөнөөс салбарлан Улаанбаатар хотын баруун урд талаар тойрч, Хөшигийн хөндийн Олон улсын нисэх онгоцны буудал орчмоор дайран, Сонгинохайрхан дүүргийн нутаг дахь Рашаант өртөөнд холбогдох "Богдхан төмөр зам" төслийн нээлт 2021 оны наймдугаар сард болсон. Энэ төмөр замыг барихын тулд Богд уулыг нүхлэх эсхүл тойруулах хоёр сонголт бий аж.

"Тавантолгой төмөр зам" ХХК-ийн санаачилгаар "Монгол Улсын төмөр замын салбарын хөгжлийн тулгамдсан асуудлууд" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнгөрөгч долоо хоногт Улаанбаатар хотод болов.

Хуралд "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал, ШУА-ийн ерөнхий академич Д.Рэгдэл, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш болон бусад албаны хүмүүс оролцож тулгамдаж буй асуудал, төмөр замын салбарыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн, юу бодож явдгаа ярилцав.

"Богдхан төмөр зам" төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа төмөр замын туннель, эсткадан /том хэмжээний гүүр/ гүүрэн байгууламжийг бүтээн байгуулахаар төлөвлөжээ. Өөрөөр хэлбэл Туул гол дээгүүр 3280 метр урт, 22-39 өндөр гүүр баригдах аж.

Дээрх туннель баригдсанаар Улаанбаатар хот метротой болж түгжрэлээс ангижрах тухай яриа мөрөөдөл биш болно гэдгийг эрдэм шинжилгээний хуралд оролцогчид онцолж байлаа. Үүний тулд Богд уулыг нүхлэх шаардлагатай.

"МОНГОЛ БАЯН УЛС БИШ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТАА ХЭРХЭН НӨХӨХ ВЭ"

Энэ арга хэмжээний хамгийн ахмад оролцогч Хөдөлмөрийн баатар, Гавьяат тээвэрчин Р.Раш "Би энэ эрдэм шинжилгээний хуралд нэг юм хэлэх сэн гэхээс хэл загатнаад байлаа. Богдхан төмөр замыг барихын тулд уул цоолно, туннель барина гээд л яриад байгаа. Тийм байж. Гэтэл манайд туршлага огт байхгүй шүү дээ. Уулыг заавал нүхлэлгүйгээр тойруу замын хувилбар байвал ямар вэ гэсэн санал хэлмээр байна.

Уулыг нүхэлж төмөр замаа баривал анхны хөрөнгө оруулалт их. Харин баригдаж дууссаны дараах улсын эдийн засагт ирэх өгөөж нь бага. Монгол баян улс биш шүү дээ, хөрөнгө оруулалтаа яаж нөхөх вэ гэдгээ бодох хэрэгтэй. Тэгэхээр Богд Уулыг тойруулж төмөр зам явуулах ажил үнэхээр хэрэгтэй" гэв.

Өөрөөр хэлбэл ахмад тээвэрчин Богд уулыг нүхэлж бус тойруулж төмөр замаа баривал их биш бага зардал гарна гэдэг санааг хэлсэн.

"БОГД УУЛЫГ НҮХЛЭХГҮЙ БОЛ ТАХИР, МУХИР ТӨМӨР ЗАМ БАРИГДАНА"

Харин "Монгол Улсын төмөр замын эрэлт ба хөгжлийн тулгамдсан асуудал" сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн доктор, профессор Н.Батнасан "Бид энэ төмөр замын судалгааны ажилд оролцсон. Энэ бол техник, технологийн нарийн асуудал юм билээ. Өртөг, зардал бага байхад уулыг цоолохгүй байж болно. Гэхдээ уул цоолохгүй, тойруулахаар төмөр зам баривал их л тахир, мухир болно. Энэ нь төмөр замын хөгжилд сөрөг нөлөөтэй, хурд саарч, нэвтрүүлэх чадвар багасна гэсэн үг.

Улаанбаатар төмөр зам маш их хэлбэлзэлтэй, тахир мухиртай. Тийм учраас манай төмөр замын тээх чадвар, хурд дэлхийгээс хоцроод байгаа юм. Орчин үед аль болох шулуун, нэг шугамаар А цэгээс Б цэг хүрдэг төмөр зам тавих сонирхолтой байна. Тийм учраас шаардлагатай бол уулыг нүхлээд тулгуур гүүр дээгүүр нь барьдаг хандлагад хөл нийлүүлэх л хэрэгтэй. Зардалтай гээд уулаа тойруулаад байх уу, үгүй юу гэдэг тал талаас нь авч үзэх асуудал.

Ер нь Монгол транзит орон болж чадвал эдийн засгийнхаа гуравны нэгийг тээврээс олох боломжтой. Тиймээс төмөр замыг ганцхан юм зөөдөг гэж ойлгож болохгүй" гэлээ.

“Богдхан” төмөр замыг барьж байгуулах талаар Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” болон “Монгол Улсын эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-т тус тус тусгасан.

Засгийн газраас Богдхан төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам" ХХК-д 2021 онд олгосон.

"УУЛЫГ ТОЙРУУЛБАЛ 5-6 ЖИЛ ТӨМӨР ЗАМ БАРИНА"

Тус компанийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал "Богд уулыг тойруулахад газар, шорооны ажлын өртөг өндөр болоод байгаа юм. Хэрэв барих өртөг, зардлаа хямдруулах юм бол ашиглалтын үеийн зардал өндөрсөнө гэсэн үг. Богд уулыг тойруулаад төмөр замаа баривал 73 сая метр куб шорооны ажил шаардлагатай. Энэ хамгийн багадаа 5-6 жилийн ажил.

Хоёрдугаарт, туннель барьснаар үнэ өсөөд байгаа зүйл үгүй. Дэлхийд төмөр замыг яаж барьж байна, бид тэгэх л ёстой. Энэ бол Монголын ирээдүйд чиглэсэн бүтээн байгуулалт учраас дэвшилттэй арга, техникээр барих нь зөв.

Төслийн бүтээн байгуулалтын ажил наймдугаар сард эхэлсэн. Судалгааны ажлыг нэгтгэх, ТЭЗҮ-г бэлэн болгох, туннель барих хувилбарыг сонгох зэрэг ажлыг энэ оны нэгдүгээр сард дуусгаад экспертүүдээр хянуулаад, ажил дууссан. Улаанбаатар төмөр замд санал оруулах хүсэлт тавиад, ТЭЗҮ-г хүргүүлээд байгаа. Одоо бидэнд хөрөнгө шийдэх асуудал үлдээд байна. Хөрөнгөөс бусад бүх ажил дууссан.

Бид найман трасс гаргаж үзээд, судалгааны ажлыг нэгтгэсэн. Манай компани энэ үүргийг өнгөрсөн оны долдугаар сард авахаас өмнө таван трасс байсан. ЗТХЯ-тай зөвшилцөж гурван трасс нэмэн, судалгааны ажлыг хийгээд Засгийн газраас батлаад өгсөн. Үүний дагуу барихаар тооцоо судалгааг гаргасан" гэлээ.

Нийт 174.8 километрийн урттай энэ төмөр замын бүтээн байгуулалтад урьдчилсан тооцооллоор 630-700 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэдгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлж байсан.

"ТРАНЗИТ ТЭЭВРИЙН ОРЛОГО 30 ЖИЛД 64.95 САЯ АМ.ДОЛЛАР БОЛЖ ХОЁР ДАХИН НЭМЭГДЭНЭ"

"Богдхан төмөр зам" төслийн нээлт /2021.08.24/"Богдхан төмөр зам" төслийн нээлт /2021.08.24/

Богдхан төмөр зам баригдсанаар нийгэм, эдийн засагт гарах үр өгөөжийг:

  • Нийслэл дундуур дайран өнгөрөх галт тэрэгнээс ялгарах дуу чимээ, стресс, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх байдал эрс багасна
  • Хот доторх төмөр замын дөрвөн гарам дээр галт тэрэгний хөдөлгөөнөөс үүдэн авто замыг хоногт дунджаар 230 минут хаадаг байдал 84.8 хувиар буурна
  • Гармын хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг бууруулснаар жилд дунджаар 445 сая төгрөгийн авто тээврийн хэрэгслийн шатахууны үргүй зарцуулалтыг хэмнэнэ
  • Экспорт, импортын болон транзит тээврийн орлого төслийн хэрэгжилтийн 30 жилийн хугацаанд хамгийн багадаа 34.82 сая ам.доллароос 64.95 сая ам.доллар болж хоёр дахин нэмэгдэн, гадаад худалдааны эргэлтийг эрчимжүүлнэ
  • Ашиглалтын явцад байнгын болон түүнийг дагалдаж орон нутагт нийт 1800 орчим ажлын байр шинээр бий болно
  • Трассын чиг дагуух хотын дүүрэг, суурин газрууд, сумдын суурьшмал хүн амын тоо зургаа дахин нэмэгдэж, эдийн засгийн хөгжил богино хугацаанд эрчимжинэ.
  • Төмөр зам, авто зам, агаарын замын огтлол бүхий логистикийн сүлжээ болон хөгжинө гэж "Таван толгой төмөр зам" ХХК-аас тооцоолжээ.